БНХАУ-ын утаанаас салсан шийдэл нь ХАГАС КОКС

2023-09-12 11:25:00

Бид мартамхай улс. Зуны улиралд найр наадам гэж баярлаж хөөрөлдөн өнгөрөөж, сэрүүний улирал эхлэхэд гэнэт л утааны асуудлыг дахин сөхөж, бухимдана.

Агаарын бохирдлыг бууруулахаар 2019 оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлээд таван жилийг нүүрийг үзээд байна.

Түлшийг нэвтрүүлж эхэлсэн жилд иргэд утаа буурлаа хэмээн ам сайтай байсан ч сүүлийн гурав, дөрвөн жилд утаа нэмэгдэж, агаарын бохирдол буурахгүй байна хэмээн бухимдаж, нөгөө л нэг утааны асуудал нь шүдний өвчин болсон хэвээр.

Гэвч утааны асуудал ганцхан манай улсад тулгамдаад буй асуудал биш. БНХАУ гэхэд дэлхийн агаарын бохирдолтой улсыг тэргүүлдэг байв. 2016 онд БНХАУ дээд хэмжээний уулзалт, айлчлалын үеэр 14 хоногийн туршид үйлдвэрүүдээ хааж байсан удаатай. Харин тэд агаарын бохирдолтой тэмцсэнийхээ үр дүнд утаагаа бууруулж чадсан туршлагатай.

Учир юу гэвэл хүрэн нүүрсийг 750 градуст жигнэж, ХАГАС КОКС гаргаж, түүгээрээ утаагүй түлш үйлдвэрлэснээр утаа гэдэг зүйлийг мартжээ.

Агаарын бохирдлыг бууруулсан туршлагаараа дэлхийн үлгэр жишээ болсон БНХАУ-д хагас кокс үйлдвэрлэдэг 300 орчим үйлдвэр бий. Үүнээс Шаньси мужийн Шэнмү хотын гурван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нэг. “Сэнтай” шинэ технологийн компани

Манай улсын “Тавантолгой Түлш”ХХК-тай ижил үйл ажиллагаатай буюу шахмал түлш үйлдвэрлэдэг “Сэнтай” компани. Тус компани нь бүрэн автомат технологитой. Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Зургаан дамжлагатайгаар шахмал түлшээ үйлдвэрлэдэг. Гол онцлог нь бэлдцээ амраах процесс юм. Дулааны улиралд амарч, хүйтэн сэрүүний улирал буюу есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.

ХОЁР. Шэнмү энержи девелопмент компани

Жилд 800 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Нүүрсийг жигнэж, хагас кокс гаргахаас гадна хий, давирхай гэсэн бүтээгдэхүүнийг гаргадаг. Гаргасан хийгээр эрчим хүч үйлдвэрлэж, давирхайг боловсруулан шатахуун, бордоо, угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж авдаг.

 ГУРАВ. Ван Зонг Вэй Еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компани

Тус үйлдвэр нь эхний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг үйлдвэрийн нэг бөгөөд жилд 900 сая тонн нүүрс угааж, 600 мянган тонн хагас кокс, 700 сая.м3 шатдаг хий, 60-80 мянган тонн давирхай үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус үйлдвэрийг нийт 600 сая юань буюу одоогийн Монгол төгрөгийн ханшаар 300 тэрбумаар босгожээ. Ийм үйлдвэртэй болсноор БНХАУ утаа гэдгийг мартсан түүхтэй.

Харин манай улсын хувьд агаарын бохирдлыг бууруулахаар сүүлийн таван жилийн хугацаанд ХАГАС ИХ НАЯД буюу  530 гаруй тэрбумыг зарцуулсан. Гэвч сайжруулсан шахмал түлш утааг 30 хувиас дээш бууруулж чадаагүй, агаарын бохирдол дорвитой буурсангүй. Үүнийгээ ч албаныхан хүлээн зөвшөөрч буй.

Тиймээс өнгөрөгч хавраас эхлэн одоо хэрэглэж байгаа мидлинг буюу сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг солих туршилтыг эхлүүлээд байгаа.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын утааг бууруулсан гол шийдэл болоод буй хагас коксоор 97 удаагийн галлагаа хийж, лабораторийн үзүүлэлтээр утаа хоёр дахин буурсан үр дүн гарсан талаар мэдээлсэн.

Хагас кокс нь өндөр дэгдэмхийтэй нүүрсийг нам, дунд температурын 500-700 градуст хуурай пиролизын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм.

Тэгвэл манай улс энэ өвөл хагас коксоор хийсэн утаагүй түлшийг 12 дугаар сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд Нисэх, Яармаг, Налайхад түлж, туршихаар болсон. Хэдийгээр туршилт хийх асуудал олон нийт шүүмжлэлийг дагуулаад байгаа ч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засгийн хуралдаанаар туршилтыг дэмжсэн. Үүнд 32 тэрбум зарцуулах тооцоо гарсан.

Хэрэв 45 хоногийн хугацаанд утаа 50 хувиар буурч, үр дүнгээ өгвөл ирэх оноос Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барихаар зэхэж буй.

Гэхдээ үйлдвэр барих нь ирээдүйд ашигтай байж мэдэх. Хагас кокс болон хий нь манай улсад голлох бүтээгдэхүүн болох бол давирхайг экспортод гаргахаас өөр гарц үгүй. Гэхдээ давирхайг хэрхэхээ шийдээгүй...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.