Ким Жон Ун Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайдтай уулзав
2023-09-11 11:11:00
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Гүөжүн тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчид 9 сарын 8-10-ны өдрүүдэд БНАСАУ-ын 75 жилийн ойн үндэсний баярын арга хэмжээнд урилгаар оролцож, тус улсад айлчиллаа.
Айлчлалын үеэр Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Пхеньянд Лю Гүөжүнтай уулзаж, Хятад, БНАСАУ-ын харилцаа болон хоёр орны тодорхой салбарын солилцоо, хамтын ажиллагааны талаар гүнзгий санал солилцсон байна.
Лю Гүөжүн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Унд Ши Жиньпин даргын найрсаг мэндчилгээг уламжилж, БНАСАУ-ын Үндэсний 75 жилийн ой тохиож буйд халуун баяр хүргэж, тус улсын бүтээн байгуулалтын амжилтыг үнэлж, БНАСАУ цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай байхыг хүсэв. Лю Гүөжүн цааш нь хэлэхдээ, "Хятад, БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хөдөө аж ахуй, эмнэлэг, эрүүл мэнд бол иргэдийн амьжиргааны амин чухал зүйл. Эдгээр салбарт тус улстай солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад Хятад улс бэлэн байна" гэжээ.
Ким Жон Ун, Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ерөнхий сайдын орлогч Лю Гүөжүн тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчид БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн ажиллагаанд оролцож, тус улсад айлчилж буй явдлыг сайшаав.
Ким Жон Ун хэлэхдээ, "Хятадын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь БНАСАУ-ын Үндэсний ойн их баярт өнгө гэрэл нэмсэн бөгөөд маш чухал ач холбогдолтой юм. БНАСАУ үүнд гүн талархал илэрхийлж байна. Манай улс Хятад улстай найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд хүртээмжтэй байхыг дээшлүүлэхэд БНАСАУ бэлэн байна. Хятадын онцлогтой социализмын үйл хэрэг үргэлжлэн илүү их шинэ ололт амжилтад хүрэхийг хүсэж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдөл гарцаагүй биелнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.