Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн төлөө Хятад улс зүтгэж байна
2023-09-04 14:00:00
2023 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармагийн Олон улсын үйлчилгээний худалдааны чуулга уулзалт 9 дүгээр сарын 2-нд Бээжинд нээгдсэн бол Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн үеэр видео илтгэл тавихдаа "дэлхийн эдийн засаг нээлттэй байж л хөгжинө, хаалттай байвал унана. Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих болно" гэжээ. Түүнчлэн үйлчилгээний худалдааны хөгжлийн түүхэн боломжоо харилцан хуваалцаж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтэд түлхэц өгөхийг тэрээр дэлхийн улс түмэнд хандан уриалсан байна. Тэгвэл үйлчилгээний худалдаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Хятад улс ямаршуухан арга хэмжээгээр өөрийн орныхоо болон дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах вэ?
Үйлчилгээний худалдаа гэж юу вэ?
ДХБ-аас санхүүгийн үйлчилгээ, барилга болон инженерийн үйлчилгээ, шуудангийн үйлчилгээ, харилцаа холбооны үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, аялал жуулчлалын үйлчилгээ, байгаль орчны үйлчилгээ, эрүүл мэнд болон нийгмийн үйлчилгээ гэх мэт хүмүүсийн өдөр тутмын амьдралтай нягт холбоотой, мөн өөр хоорондоо ч нягт уялдаатай 12 төрлийн үйлчилгээний худалдааг тодорхойлж заасан байдаг. Олон улсын худалдаа дахь хамгийн их амьжиргааны эрч хүчтэй бүрэлдэхүүн болохын хувьд тус салбар нь нэгэнт дэлхийн эдийн засгийн гол тулгар салбар болсон байдаг. Үйлчилгээний худалдаа дэлхийн ДНБ-ий 65 хувийг бүрдүүлдэг бөгөөд хөгжиж буй орнуудын ажил эрхлэлтийн гуравны хоёр, өндөр хөгжилтэй орнуудын ажил эрхлэлтийн тавны дөрөв нь үйлчилгээний салбараас бүрддэг болохыг статистик мэдээллээс харж болно. Тиймд үйлчилгээний худалдаа нь дэлхийн эдийн засгийн хөгжилтэй нягт холбоотой юм. Ши Жиньпиний хэлсэнчлэн, дэлхийн үйлчилгээний худалдаа, үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, дижиталчлал, ухаалаг шийдэл, ногоон байгууламжийн үйл явц хурдацтай хөгжиж, шинэ технологи, шинэ төлөв, шинэ загварууд ар араасаа залган гарч ирэх нь дэлхийн эдийн засгийн интегралчлал, дэлхийн эдийн засгийн эрч хүч, уян хатан чанарыг нь нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.
Өөрчлөлт нээлтийн бодлого Хятад улс, цаашлаад даян дэлхийд ямар нөлөөтэй вэ?
Энэ жил Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого буюу "Нээлттэй хаалга"-ны бодлого хэрэгжүүлсний 45 жилийн ой тохиож байна. 50 шахам жилийн турш Хятад улс дотооддоо өөрчлөлт, шинэчлэлт хийж, гадаадад нээлттэй байр суурь баримталснаар өөрийн орноо гүнзгий өөрчилж хөгжүүлээд зогсохгүй, даян дэлхийг ч гүнзгий нөлөөлсөн юм. Үйлчилгээний худалдаагаар жишээлэхэд, Хятад улс үйлчилгээний импортоо идэвхтэй нэмэгдүүлж, олон улсын үйлчилгээний худалдааг 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлээр хангасан юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд Хятадын үйлчилгээний импорт 4.5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн үйлчилгээний импортын өсөлтийг 10.4 пунктаар нэмэгдүүлснийг тоо баримт харуулж байна. 2022 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 9 дэх жилдээ дэлхийд хоёрдугаарт жагсаж, 200 гаруй улс орон, бүс нутаг Хятадтай үйлчилгээний худалдаа өрнүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Хятад улс механизм, системийг нээлттэй болгох зэрэг арга замаар дэлхийн үйлчилгээний худалдааны шинэлэг хөгжлийг эрэлхийлж байгаагийн нэг тод жишээ бол даруй үйлчилгээний худалдааны яармаг юм. Үйлчилгээний худалдааны яармаг 2012 онд анх зохион байгуулагдсан цагаас дэлхийн 196 улс орон, бүс нутгаас 600 мянга гаруй бизнес эрхлэгч, гадаадын 600 гаруй бизнесийн холбоо, байгууллага оролцжээ. Энэ жилийн хувьд, 51 улс, олон улсын 24 байгууллага оролцож, оффлайн үзэсгэлэнд 2200 гаруй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа аж. Энэ бүхнээс харахад Хятадын өөрчлөлт, нээлт Хятадын аж ахуйн нэгжүүдэд дотоодын болон олон улсын зах зээлийг ашиглах боломж хангаад зогсохгүй дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлд гүнзгий нэвтрэх бүрэн боломжийг олгож байна болно.
Хятадын өндөр түвшний гадаадад нээлттэй хөгжил нь даян дэлхийд юу авчрах вэ?
Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжиж, улс орнуудад нээлттэй хамтын ажиллагааны шинэ боломж олгоно гэв. Тэгвэл өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжинө гэж яг яахыг хэлж байна? Тэр нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Энэ тухай Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс даян дэлхийд чиглэж өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээгээ өргөжүүлж, мэдээлэл холбоо, аялал жуулчлал, хууль эрх зүй, мэргэжлийн боловсрол шалгалт зэрэг үйлчилгээний салбарын нээлттэй хөгжлийг ахиулж, үйлчилгээний зах зээлд нэвтрэх стандартыг улам чөлөөтэй болгож, үндэстэн дамнасан үйлчилгээний худалдааг үе шаттайгаар гадаадад нээлттэй болгоно. Мөн улс орнуудын хөгжлийн стратеги болон хамтын ажиллагааны санаачилгуудын уялдаа холбоог нэмэгдүүлж, "Бүс ба зам"-ын үйлчилгээний худалдаа болон дижитал худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, нөөц боломжууд үндэстэн дамнан чөлөөтэй гүйлгээ хийгдэхийг ахиулна. Үйлчилгээний худалдааны дижиталчлалын шинэ хөдөлгүүрийг бий болгож, үндэсний хүлэмжийн хийн гаралтын солилцооны захыг байгуулж, үйлчилгээний худалдаа болон орчин үеийн үйлчилгээний салбарыг хөгжүүлнэ. Түүнчлэн Хятад улс орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтаа бусад орнуудтай хуваалцаж, дэлхийн эдийн засгийг улам сайн үйлчилгээгээр хангаж ажиллах болно гэсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.