Л.Энх-Амгалан: Багш нар дунджаар 2 сая 673 мянган төгрөгийн цалин авах боломж нээгдлээ

2023-09-01 15:57:00

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хуулийг хэрэгжүүлж эхэлж буй онцлогтой хичээлийн шинэ жил эхэлж байгааг хэллээ.

Багц хуулиар зургаан том эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байгаа гэв. Мөн боловсролын чанар тэр дундаа чанартай багшийг бэлтгэх, ямар хөтөлбөрөөр, ямар стандартаар хэрхэн бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжлийн асуудалд анхаарч ажиллаж байгаа. Багшийн мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрийг төрөөс даах нь халамж биш. Боловсролын салбар халамж байж болохгүй.  Монгол улс багшийн хомсдолд ороогүй. Үүнээс болж нэг ч сургууль, нэг ч цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдоогүй гэдгийг онцоллоо. 

Тэрбээр, “Багш нарын цалинтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд их яригдаж байна. Өнөөдрийн байдлаар багшийн цалин бол хамгийн бага цалин авч байгаа мэргэжил биш ээ. Багш нар 6 төрлийн нэмэгдэл цалин авч байна. Үр дүнгээсээ шалтгаалан мөн урамшуулал авдаг. Зөвлөх зэрэгтэй сумын багшийн үндсэн цалин 1 сая 273 мянган төгрөг. Үүн дээр төрийн алба хаасан хугацаанаас шалтгаалж 15 хүртэлх хувийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл 10 хувь, зэргийн нэмэгдэл 20 хувь, анги даах 5 хувь, ур чадвар 10 хувь, үр дүнгийн урамшуулал 5-25 хувь байсныг өнөөдрийн Засгийн хуралдаанаар 50 хүртэлх хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингээд гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нарын дундаж цалин 2 сая 673 мянган төгрөгийн цалин авах боломж нээгдэж байна" гэж мэдээллээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.