Б.Сэмжидмаа: Хүн хамгийн сайн хувилбараа бүтээх, сайн чадварыг эзэмшихэд боловсрол тусалдаг

2023-09-01 14:36:00

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа цэцэрлэгийн бяцхан хүүхэд, сургуулийн сурагчид, оюутан залуус, эрдэмтэн багш нарт 2023-2024 оны хичээл шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбарт ажиллаж буй хүн бүрт баярын мэнд хүргэе.

Хүн төрөлхтөн угаас төгс бус оршихуй боловч хүн өөрөө төгс рүү чиглэсэн хөгжилд тэмүүлж байдаг. Харин энэ хүсэл эрмэлзлийг бодит болгох боломж нь зөвхөн боловсрол байсаар ирсэн. Энэ ч утгаараа анх хүний нийгэм төлөвшиж бүрдэх нөхцөл нь боловсрол байсан гэж судлаачид үздэг. Бүх төрлийн боловсролын зорилго нь мэдлэгийг үр дүнтэй түгээх, улмаар “амьдрах чадвар”-ыг бий болгох явдал ба хүмүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тодорхой чанаруудыг төлөвшүүлэх, мөн хүмүүст өөрийгөө ойлгох боломжийг олгох явдал юм. Боловсрол нь өрсөлдөөнт ертөнцөд амьд үлдэх төдийгүй амьдралын чанарыг сайжруулах, хувь хүний чадамжийг нэмэгдүүлэн ядуурлаас зайлсхийх боломжийг олгож, зогсонги байдал, уналтаас ангижрах, үзэл бодлоо илэрхийлэх хүчийг өгч, илүү сайн хүн болон төлөвшихөд чиг болж хүний амьдралын хэв маягийг өөрчлөгч хүч юм. Ямар ч нөхцөлд хүн хамгийн сайн хувилбараа сонгон бүтээх, ямар ч үед аливаа асуудалд хандах хамгийн сайн чадварыг эзэмшиж, төлөвшихөд боловсрол тусалдаг.

Бид жинхэнэ утгаараа “хүн” гэж нэрлэгдэхийн тулд үл ялгаварлан гадуурхах ухамсартай, хүсэл зоригоо хэрэгжүүлэх чадвартай, хариуцлагатай зан байдал гэсэн хүн төрөлхтөнд байх ёстой гурван сайн шинжийг өөртөө төлөвшүүлэх ёстой.

Хөгжлийн хурд нэмэгдэн, харилцаа холбооны технологи бидний өдөр тутмын хэрэглээ болсноор улс, үндэстэн хоорондын хэлхээ холбоо ойртож, хүн төрөлхтөн нэгэн бүхэл болж байна. Энэ өөрчлөлтийн цаг үед боловсролын үүрэг улам бүр нэмэгдэх болно. Оюутан, залуусын хувьд  нийгмийн гишүүн гэдгээ ухамсарлаж, нийгмийн харилцаанд үр дүнтэй оролцож, нийтлэг үнэт зүйлс, үндэстнийхээ онцлог байдлыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг боловсролоос л олж авна. Хүн хэдий чинээ өндөр боловсрол эзэмшинэ, сонголт нь төдий чинээ зөв, оновчтой, илүү өндөр түвшинд хүрсэн байдгийг НҮБ-ын хүний хөгжлийн илтгэлүүдэд тэмдэглэсэн байдаг.

Боловсрол нь өсвөр үеийнхний амьдрах чадварыг хөгжүүлж, цаашлаад ирээдүйн манлайлагчдыг бүтээдэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй, насанд хүрэгчдэд хүртэл нийгмээ өөрчлөн сайжруулахад идэвхтэй оролцох хүсэл зориг, чадамжийг олгох хэрэгсэл байх ёстой. Боловсрол нь хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг өгч, хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг бүтээн, бүх төрлийн хүчирхийллийг үл тэвчих сэтгэлгээ, зан үйлтэй болгож,  нийгмийн гишүүдийн олон талт байдлыг ойлгож, олон ургальч үзэл бүхий ертөнцөд хамтдаа эв нэгдэлтэй амьдрахад суралцах боломжийг олгох замаар  ардчилсан соёлыг бэхжүүлдэг гол түлхүүр гэдгийг мартаж болохгүй. Боловсрол нь амар амгалан, ухаалаг, энэрэнгүй хүмүүсийг төлөвшүүлж, улмаар хүмүүнлэг нийгэм, энх тайвныг бий болгодог. Боловсролыг эдийн засгийн баялаг, нийгмийн хөгжил цэцэглэлт, улс төрийн тогтвортой байдлыг авчирдаг нийгмийн үндэс суурь бөгөөд  эв нэгдэл, ардчиллыг бий болгоход хамгийн хүчтэй дэмжлэг үзүүлдэг гэж үздэг.

Боловсрол бол амьдралын хэв маягийг өргөжүүлэх, авъяасыг хөгжүүлэх, нийгмийн ялгааг багасгах, шударга ёсыг хангах, шинжлэх ухаан техникийн хөгжил, эдийн засгийг тэтгэх, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг сурган бэлтгэх, нийгэмд оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжих чухал үүрэгтэй. Боловсрол олгох нь үндэстнээ хөгжүүлэх суурь хүч мөн.

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг Сингапурыг үндэслэгч Ли Куан Ю боловсролыг “Нэгдмэл ард түмэн”-ийг бий болгох хэрэгсэл гэж үздэг байсан. Харин боловсролын энэ их үр өгөөжийг хүртэхийн тулд бид бүх түвшиндээ багшийн үнэлэмж, ур чадварыг өсгөхөд анхаарах учиртай.

Нэмж хэлэхэд та бидний үр хүүхдийг зөв хүн болон төлөвшихөд мэргэжил, мэдлэг ур чадвар, сэтгэл зүрхээ зориулдаг багш нарын дэмээр бид сэтгэл амар ажлаа хийж, үнэ цэн бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулах боломжийг олж авдаг тул багш нарынхаа энэ их хичээл зүтгэлийг бахдан бишрэхээс аргагүй билээ. Тиймээс багш нартаа бүх эцэг эх, асран хамгаалагчдын өмнөөс дахин баярлалаа гэж хэлье.

Хүндэтгэсэн: Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа" гэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.