Ажилчдынхаа цалинг "хулхиддаг" Х.Мандахбаяр аймаг төлөөлбөл яаж баллах бол !?

2023-08-22 12:20:00

Хэдэн жилийн өмнөөс Хархүүгийн Мандахбаяр гэх хөлгүй баян эр гэнэт тодорсон билээ. Аль нэг аймгийн ойн баяр наадмаас дутахааргүй хөлтэй хурим найр хийн, өнгөтэй өөдтэй яваа, урлаг, спортын амжилт гаргасан хэн бүхэнд л шахуу байр бэлэглэж байна хэмээн ярих болсон. Тэр бүү хэл түүний барьж буй гэх хотхонд байр захиалвал "Тоёота Ланд Крузер" машин үнэгүй бэлэглэнэ гэж сурталчилж байв. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулдаг хойно Хархүүгийн Мандахбаярын өгөөмөр өглөгч, хөлгүй баяны дүр бодит байдлаас зөрүүтэй болох нь тодорч эхэлжээ.
 

Өнөөх Х.Мандахбаяр өрөөл бусдад байр бэлэглэх нь бүү хэл өөрийнхөө компаний ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг ч төлөхгүй “луу унжиж” яваа болох нь ил боллоо.


 
Тодруулбал түүний “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлд эрхлэгчээр мөн л орон сууц, автомашин өгнө гэх амлалтаар уригдан ажиллах болсон А гэх бүсгүй байр, машин авах нь бүү хэл 6 сар огт цалин авалгүй ажилласан тул ажлаасаа гарсан тухайгаа нийгмийн сүлжээнд нийтлэв. Түүний нийтлэлийн доор мөн л Х.Мандахбаярын компанид ажиллаж байгаад гарсан ба нийгмийн даатгалаа шимтгэлээ цалингаасаа хасуулсан ч огт төлүүлж чадаагүй олон ажилчид нэр, нүүрээ гарган байж сэтгэгдлээ бичсэн байлаа. Хархүүгийн Мандахбаяр ч уг постны доор утга, уянгын үгсээр дүүрэн хариу бичихдээ компаний ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, нийгмийн даатгалд их хэмжээний өртэй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байв. Ер нь түүний удирдсан компаний ажилчид олон сарын турш огт цалин авахгүй байх, компани нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул бүх төрлийн зээлэнд хамрагдаж чадахгүй байх, орон сууц, автомашин зэрэг хэрэглээний зээлээ төлж чадахгүй их хэмжээний торгуульд унах гэх мэтээр ихээхэн хохирч буй юм байна. 
 

 

Ер нь бол бизнест уналт, босолт, өгсөлт, уруудалт байдаг нь үнэн. Гэхдээ хөдөлмөр, хүчээ өгч буй ажилтныхаа цалинг цаг тухайд нь өгдөг байх нь ямар ч бизнес эрхлэгчийн хийх ёстой анхан шатны үүрэг. Ганцхан худалдагчтай ТҮЦ-ны эзэн ч энэ үүргээ давын өмнө биелүүлдэг.

 

Гэтэл мөнөөх  байр, машин амладгаараа улсдаа нэрд гарсан эрхэм энэ үүргээ биелүүлж чадахгүй, “Компаний маань хэцүү байгаа” гээд явж байх нь хир зохистой юм бол доо? Цалингүй хүн яаж амьдрах юм бэ дээ...
Энэ мэтээр компанийх нь нөхцөл байдал хүнд байхад эзэн нь улс төр хөөн, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга хийж явах ер нь зөв ч юм уу? буруу ч юм уу?
Ажилчдынхаа цалинг "хулхиддаг" хүн аймаг орон нутгийн зон олныг ямар нэг байдлаар төлөөлдөг болчихвол ер нь яаж баллах бол !?
 
С.Бичээчбаатар
Эх сурвалж: sonin.mn


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.