Хөвсгөл нууранд живсэн 34,7 тонн шатахуунтай автомашин, чиргүүлийг татан гаргалаа
2023-08-21 13:14:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид татан гаргах ажиллагаанд оролцож байна.
ЭНЭ ОНД БУЮУ ЗУРГААДУГААР САРААС ХОЙШ НАЙМДУГААР САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД:
• Нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор,
• Марааны булангийн эргээс 2,5 км зайтай газар, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн ЗИЛ-130 автомашиныг чиргүүлийн хамт,
• Жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашиныг татан гаргасан юм.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.