Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

2023-04-05 14:26:00

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.04/ хуралдаан 11 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

       Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүнээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилсэн 2012 оноос хойших 10 жилийн хугацаанд Төсвийн хууль нийт 10 удаа батлагдах ёстойгоос тодотгол хийж, нэмэлт, өөрчлөлт оруулснаар 23 удаа баталжээ. Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна. Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Үүнээс үзвэл төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгааг харж болохоор байна гэв.

    Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал, Төсвийн хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа. Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг бодитой тодорхойлоогүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хяналт тавих, хариуцлага тооцох нөхцөлийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Энэ агуулгаар төсвийн хуулийн дээрх зарчмуудыг хангах зорилгоор төсөв, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон жилийн алдаа сургамжийг засаж залруулах үүднээс хуулийн төслийг боловсруулахдаа төсөв, санхүү эдийн засгийн чиглэлийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, эдийн засагчид, хувийн хэвшил, иргэний болон төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг үндэслэн төсвийн шинэчлэлийн бодлого болон дэвшүүлж байна гэж хууль санаачлагч танилцуулж байлаа.

Үүнтэй холбоотойгоор төсвийн холбогдох 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан Улсын Их Хуралд өргөн барилаа. Хуулийн төслүүдийг 30 гаруй гишүүн дэмжин гарын үсэг зурж, хамтран санаачлагчаар оролцож байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг зохих ёсоор шударгаар биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Улсын Их Хурал манлайлж, Засгийн газар хамтраад төсвийн шинэчлэлийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ чиглэлийн судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдаар хийлгэж, сайтар хэлэлцүүлэх боломжтой, эсэхийг илүүтэй лавлаж байлаа.

     Хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, төсвийн шинэчлэлийн талаар цогц бодлогыг хэрэгжүүлэхтэй санал нэг байгаагаа илэрхийлээд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төсвийн суурь асуудлыг хөндөж, төсвийн хяналт, сахилга бат, хариуцлага, олон нийтийн оролцоо, төлөвлөлтийг сайжруулахдаа холбоотойгоор эхний үе шатанд хийж байгаа ажил гэв. Мөн гишүүд төсвийн шинэчлэлийн нэг хэсэг нь Төсвийн тухай хуулийн өөрчлөлт гэдгийг тодотгохын зэрэгцээ төсвийн бүрэлдэхүүн хэсэг бүр нь төсвийн шинэчлэлд чиглэгдэх ёстой гэж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан төсвийн суурь шинэчлэлийг хийхдээ бусад салбарын уялдаа, холбоог хангаж, төсвийн шинэчлэлийг том зургаар нь харсан үндэсний хөтөлбөр боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулаад дэмжигдсэний дараа томоохон Ажлын хэсэг гаргаж асуудлыг тал бүрээс нь ярилцах нь зүйтэй. Мөн төсвийн шинэчлэлийн талаар хөтөлбөр гаргахыг бүрэн дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд "Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.