БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл маргааш дуусна
2023-03-09 10:52:00
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл маргааш буюу 3 дугаар сарын 10-ны 17:30 цагт дуусна.
ehalamj.mn цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхдээ дараах зааврын дагуу бүртгүүлэхийг ХНХЯ-наас зөвлөлөө.
Хэрэв ehalamj.mn сайтад нэвтрэх өөрийн цахим хаяг, нууц үгийг мартсан бол 77771220 тусгай дугаарт хандаж нэвтрэх эрхээ сэргээлгэх боломжтой.
Төлбөр төлөх хэсэгт гарч ирж буй гүйлгээний утга нь Q үсгээр эхэлсэн 11 оронтой тоо байхыг анхаарна уу.
Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй бөгөөд цэсээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.
Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортоор бүртгүүлж болно. Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй.
Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх/ болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3.5х4.5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./
Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.
Нийт бүртгүүлэх боломжтой дээд хязгаарын тоо нь 14,000 байна. Үүнээс: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авах хүний тоо 2,404, эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил оноотой бол багтана. /Харааны харалган буюу өнгө ялгах чадваргүй бол хасагдана./
Солонгос хэлний шалгалт өгч тэнцсэн иргэн ур чадварын шалгалтад ороогүй тохиолдолд эцсийн шалгаруулалтаас хасагдана.
Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл
Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ. Төлбөр төлөгдөж, баталгаажсан иргэнд ХХҮЕГ-ын 131288 тусгай дугаараас бүртгүүлсэн гар утасны дугаарт 5040.... дугаарыг мессэжээр илгээнэ.
Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 9, 10-ны өдрүүдэд 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/
Бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал 2023 оны гуравдугаар сарын 13-20-ны дотор орон нутгийн иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс/ хураамжийг буцаан авах боломжтой. Дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаахгүй.
Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага
18- 39 настай байх (1983 оны 3-р сарын 10-наас 2005 оны 3-р сарын 09-ны өдрийн хооронд төрсөн байх);
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.