С.Эрдэнэбат: Бид цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа. Хувьцааныхаа ногдол ашгийг авдаг баймаар байна
2023-02-28 12:33:00
Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна. Энэ нь Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхлыг хангахгүй байна. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад оролцсон иргэдийн 80 орчим хувь нь цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар санал хэлсэн. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан.
Хөдөлмөрийн үнэлэмжид эрс шинэчлэл хийх шаардлагатай. Монголчуудын дундаж цалин 1,190,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, дийлэнх иргэд ийм цалин авч байгаа юм.
Бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авна гэдэг нь мөрөөдөл болж байна. 50 сая төгрөгийг олон жил цуглуулсан залуу байрны үнэ улам нэмэгдсэн талаар ярьж байна. Тиймээс Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцанд хамруулахад анхаараач гэж хүсье.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх ёстой. МҮЭХ-ноос саналаа хүргүүлж байна. Монголд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг ам.доллар орчим байгаа юм. Жил бүр энэ үзүүлэлтийг нэмэх хэрэгтэй. БНСУ-д гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт долоон ам.доллар байгаа. Үүнийг дагаад манай улсын ажиллах хүчний урсгал гадаад руу чиглэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол төрийн албанаас эхлээд бүх салбарт хүний нөөцийн дутагдалд орсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь хүүхдээ тэжээж чадахгүй нөхцөлд хүргэж байна.
Сүүлд төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Гэхдээ дийлэнх олонх буюу төрийн албаны бага, дунд албан тушаалтнуудын цалин ялгавартай нэмэгдсэн. Тухайлбал, томоохон өндөр албан тушаалтай хүмүүсийн цалин 200-300 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж байхад цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч, жижүүрийн цалин 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын цалингийн нэмэгдлийг орхисон. Энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой. Хэлэлцэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна" гэсэн юм.
Мөн "МҮЭХ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэддээ олгохыг дэмжиж байгаа. Бид зөвхөн цалингаас цалингийн хооронд амьдрарч байгаа. Хувьцааныхаа ногдол ашгаа авдаг баймаар байна. Төрийн өмчийн компанитай холбоотой асуудалд хяналт тавьдаг болмоор байгаа юм" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.