Унхайгүй албатын ургашгүй төлөвлөгөө
2022-09-29 12:15:00
Нийслэлийн авто замын түгжрэл хэн хүний “шүдний өвчин” болоод удаж буй. Хотын удирдлагууд түгжрэлийг бууруулах авч буй арга хэмжээнүүдийн талаар хэлж ярьж байгаа ч өдгөө үр дүнгээ өгөөд байгаа ажил цөөхөн. Тэгвэл засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаас Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хотын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг үзүүлж байдаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ.
Эрүүл мэндийн хувьд хэрхэн хор уршиг учруулж буйг дараах судалгааны тоо баримт илтгэнэ. Тодруулбал, Автомашины насжилтаас шалтгаалж агаар дахь нүүрсхүчлийн хийн хувь 0-3 жилд 7.74, 4-6 жилд 11.7, 7-9 жилд 12.5, есөөс дээш жилд 13.5 хувьтай буюу стандартаас 12.5 хувиар хэтэрдэг. Энэ нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж буйг илтгэж байна. Түүнчлэн жолооч, зорчигчид автомашины халсан агаар, агааржуулагч зэргээс болоод амьсгалын эрхтний өвчин тусдаг гэсэн судалгаа ч бий. Улаанбаатар хот ургаштай албатуудтай байсансан бол өдийд утаа, түгжрэл ангижрах байх байсан бизээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.