Түүхэнд байхгүй төсөв батлаад бууруулаагүй “ТҮГЖРЭЛ”-ийг ирэх 2023 онд 586 тэрбум төгрөгөөр арилгах уу

2022-09-13 17:34:00

Нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж, шүдний өвчин болоод байгаа асуудал бол түгжрэл. Энэ жил түгжрэлийг бууруулах чиглэлд 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч өнөөдөр иргэд ажилдаа ирж, очих гэж доод талдаа 2-3 цагийг түгжрэлд зарцуулж байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Харамсалтай нь түр зохицуулалт дуусаж түгжрэлтэйгээ дахин золгов. Түгжрэлийг бууруулахын тулд улсын дугаарын тэгш, сондгойг үргэлжлүүлэх эсэх дээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас иргэдийн дунд санал асуулга явуулсан ч иргэд түгжрэлийг бууруулах дорвитой шийдэл хүслээ. Нийслэлийг удирдаж буй дарга нар санал асуулга явуулж байгаа нэртэй таг болцгоов.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзах үеэрээ ирэх 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэж мэдэгдэв.

Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ гэдгээ ч мэдэгджээ. Ерөнхий сайд аа эхлээд энэ жилийн 420 тэрбум төгрөгийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлж, түгжрэл хэдэн хувиар буурсан эсэх бодит үр дүнг нэхэж, хариуцлагын асуудлаа ярих хэрэгтэй байна. 

Түгжрэлийг бууруулна гэж 420 тэрбум төгрөг гаргуулж авчихаад, түр аргацаасан шийдвэр гаргаж, шийдлийг сууриар нь авч хэлэлцэхгүй байгаад иргэд хамгийн ихээр бухимдаж байгаа. Учир нь бага ч гэсэн түгжрэл буурсан шүү  гээд хэлчихээр нэг ч ажил хийсэнгүй. Нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой алхам нэг ч харагдсангүй.

Толгой өвтгөсөн, иргэдийг стресстүүлсэн түгжрэлийн асуудлыг шийдэхээр хоёрхон долоо хоногийн өмнө Хот хариуцсан сайдыг ч томилоод авсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сайдын албан тушаалд очиж, хотын асуудлыг шийдэхээр болсон юм.

Дарга, сайд нарын тоо нь нэмэгдээд л байдаг. Гэвч 420 тэрбум төгрөгөөр шийдэл олж чадалгүй үрэн таран хийж байж, ирэх 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөгийг тусгаад шийдэл олж чадах уу???

Улаанбаатар хот САЙДТАЙ, ДАРГАТАЙ, хоёр ч ОРЛОГЧ ДАРГАТАЙ. Мөн түүхэнд байхгүй их төсвийг түгжрэлийг бууруулахаар батлуулсан. Ирэх оны төсөвт ч их мөнгө тусгахаар болчихлоо.

Сайд, дарга нар аа энэ их хэмжээний мөнгөөр хэсэгхэн хугацааны, түр аргацаасан биш, цогц шийдлийг олох шаардлагатай байна!!!

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.