Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн холбогдогчдын дийлэнх нь 16-35 насны залуус байна

2022-09-08 15:46:00

Сүүлийн жилүүдэд өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хадгалах, түүх, хууль бусаар бэлтгэх, тээвэрлэх улсын хилээр хууль бусаар оруулж ирэх явдал гарах болсон.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажил, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол явуулсаар байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн дүүргүүд болон Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 25 холбогдогчтой 15 гэмт хэргийг илрүүлж, мансууруулах үйлчилгээтэй ургамал 27 кг 759 граммыг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Холбогдогчдын дийлэнх нь 16-35 насны залуус байсан аж. Хэрэгт холбогдогч этгээдүүд байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсан үйлдлүүдийг ийнхүү илрүүлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож ажиллажээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг бол “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-оос 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилжээ.

Ташрамд дурдахад Эрүүгийн хуульд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.