Ашигт малтмал хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал албан хаагчдаа дарамталж, хувьдаа их хэмжээний мөнгө завшдаг гэв
2022-09-06 17:45:00
Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмал хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан хаагчдаа дарамталж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан, бусдад илт давуу байдал олгосон зэрэг хууль бус үйлдэл гаргажээ. Түүний хууль бус, ёс зүйгүй үйлдлийг ажилтан албан хаагчид нь эсэргүүцэж, гомдол гаргаад байгаа эх сурвалж мэдээллээ.
М.Энхжаргал нь Тод манлай уяач Д.Ононгийн эхнэрийн төрсөн дүү гэнэ. Тэрбээр танил тал, арын хаалгаар АМГТГ-ын Орлогч даргын албан тушаалд 2016 онд томилогдож байжээ. Харин 2021 онд түүнийг тушаал бууруулж, Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга болгосон аж. М.Энхжаргал нь хэлтсийн дарга болсон цагаасаа хойш дараах ноцтой хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүдийг гаргаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын зураг зарж, мөнгө авдаг. Ингэхдээ тооцоог бэлнээр хийхийг шаардаж, хувьдаа завшдаг гэнэ. Тодруулбал, тайлан, төлөвлөгөө батлуулан гарын үсэг зуруулахаар ирсэн аж ахуйн нэгжид зураг зарж, 300 мянган төгрөг авдаг гэнэ. Энэ хууль бус үйлдэл нь гаарч, өндөр хэмжээнд очсон бололтой.
Мөн тэрбээр аж ахуйн нэгжүүдэд өөрийн ажилладаг сүлжээний (Amway) бизнесийн бараа материалыг худалдан авахыг шаарддаг. Авахгүй бол гарын үсэг зурж өгдөггүй. Хясан боогдуулж, дарамталдаг ажээ.
Дараагийн ноцтой хууль бус үйлдэл нь Ашигт малтмал хайгуулын хэлтэст түр хугацаанд ажиллаж байсан мэргэжилтний Ашигт малтмалын цахим системд нэвтрэх эрхийг ашиглан хугацаа хэтэрсэн болон шаардлага хангахгүй тайлан төлөвлөгөөг хүлээн авдаг байжээ. Мөн тус хэлтэст нь ажиллаж байсан мэргэжилтнийг дарамтлан эрдсийн хуримтлалтай талбайд шүүлт хийлгэхдээ “Хуримтлалгүй” гэсэн дүгнэлт гаргуулж, тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход нөлөөлжээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Манай байгууллага мод тарих ажил хийх хэрэгтэй байна” хэмээн аж ахуйн нэгжүүдээс 2,5 сая төгрөг шаардаж, нэхэмжилжээ. Төрийн ажлыг хувийн аж ахуйн нэгжийн мэргэжилтнээр хийлгэдэг. Ингэхдээ албан өрөөгөөр хангаж, ашиг сонирхлын зөрчил гаргадаг гэнэ. 2020 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ААН-д Хэлтсийн дарга болсныхоо дараагаар шинжээч томилуулахаар улайран дайрч байгаа гэх.
Удирдаж буй мэргэжилтнүүдээ хэл амаар доромжлох, хууль бус үйлдэл хийхийг шахдаг, дарамталдаг. Үүнээс шалтгаалан нэг жилийн дотор дөрвөн мэргэжилтэн ажлаасаа гарсан гэнэ.
Хэлтсийн дарга М.Энхжаргал нь энэ мэт маш олон хууль бус үйлдэл гаргаж, дураараа аашилж байгаа гэнэ. Түүний эл хууль бус үйлдлийг эсэргүүцэж, баримтжуулан салбарын сайд, газрын даргад нь хандсан ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тэрбээр хэн надад, юу хэлэх вэ гэсэн шиг ашиг сонирхлын зөрчил гаргаж, дээрх хууль бус үйлдлээ хийсээр байгаа гэнэ. М.Энхжаргалд хариуцлага тооцох салбарын сайд, газрын дарга, хууль хяналтын байгууллага гэж байна уу.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.