Т.Доржханд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш яаралтай хийх ёстой
2022-08-16 09:45:00
УИХ-ын гишүүн Т.Доржханд өчигдөр ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой мэдээлэл хийсэн. Тодруулбал, "Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзжээ.
Ингэснээр Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байж болох юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс ҮХНӨ-ийг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, яаралтай хэлэлцэх ёстой гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
Сүүлийн үед ҮХНӨ оруулахгүйгээр шинээр үндсэн хууль бичнэ гэх эх сурвалжийн мэдээллүүд гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор ХҮН нам ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Т.Доржхандаас тодрууллаа.
Тэрбээр, “Төрийн эргэлт гарсан тохиолдолд шинэ Үндсэн хуулийн асуудал гарч ирдэг. Манай үндсэн хууль өөрийн гэсэн хязгаарлалттай байгаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Зарим нам, МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахлаад шинэ Үндсэн хууль хийх ажлын хэсэг гээд байгуулаад явж байгаа. Ахмад улс төрчдийн хувьд 1992 онд байсан ардын их хурал болон улсын бага хурал буюу хоёр танхимтай парламент байх нь Монгол улсад зохимжтой гэдэг асуудлыг дэвшүүлдэг. Хоёр парламенттай байх асуудлыг хөндвөл шинэ Үндсэн хуулийн асуудал яригдаж эхэлнэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гараад шинэ үндсэн хуулийг судлах тал дээр ажиллаж байгаа юм билээ. ХҮН нам үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтийг хийх нь чухал гэж үзэж байна” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.