Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
2022-08-02 16:16:00
2010 оноос хойш төрсөн хүүхдүүд Альфа үед хамаарах бөгөөд Миллениал, Z үеийнхний араас гарч ирсэн эдгээр хүүхдүүд ямар онцлогтой, яагаад дэлхий даяар тэднийг “Бидний найдвар” хэмээн нэрлэж буй тухай товч ойлголтыг энэхүү нийтлэлээс авцгаая.
1. Тэд багаасаа л маш их үүрэг хариуцлагыг мэдэрч, аливаад нухацтай ханддаг болсон
Өмнөх үеүдийнхээ гаргасан алдаа, хийж чадаагүй зүйлсийн тухай тэд маш ихийг бодохоос гадна тэр болгоныг залруулах хүн өөрөө гэдгийг бүр багаасаа ухамсарлан бодож эхэлсэн байдаг. Бусдын хаясан хогийг авч хогийн саванд хийх, “Яагаад” гэж байнга асуудаг биш харин, “Яаж”, “Хэрхэн” гэдэг дээр төвлөрч, гарц шийдэл олдог, бусдын анзаараагүйг ч анзаардаг “айхтар” үе ч гэж хэлж болно.
2. Тэд үнэхээр бие даасан
Багаасаа тэд өөрсдийн орон зайг бий болгохыг зорьж, санхүүгийн хувьд нарийн бодолтой, мөн эртнээс өөрсдийн хэрэгцээг мэдэрч, аливаад ихээхэн хариуцлагатай хандаж байна. Өөрсдөө сонголт хийж, өөрсдөө туршиж алдаж онохыг, туршлага хуримтлуулахыг хүсдэг тэд аливаад амар замыг сонгох биш, зөв замыг сонгохыг хичээдэг. Хүүхдүүддээ бид багаас нь хүсэж буй орон зай, бие даах боломж нөхцөлийг нь олгох шаардлага тулгарч байна. Яваандаа бид өөрсдөө тэднээс суралцах хэмжээнд хүрэх нь тодорхой.
3. Тэд хүнлэг байдал, ёс суртахууныг гол болгоно
Хүнд туслах, өгөөмөр хандах, ойлгож ярилцах, хүндэтгэлтэй хандах зэрэг нь хүнд зайлшгүй байх ёстой зүйл төдийгүй хүмүүс энэ тал дээр учир дутагдалтай байгааг тэд ойлгож, харж, бас дотроо шүүмжилж байдаг. Худал үг, хуурамч инээмсэглэл, заль мэх, авилга, шударга бус бүхнийг тэд харж, бас ойлгож, аль хэдийнээ мэдчихсэн байдаг. Хүүхдүүдээ хуурах амаргүй болж, багаас нь шударга, үнэн хандах ёстойгоо ч эцэг эхчүүд ойлгож, хүүхэд өсгөх арга барилд ихээхэн өөрчлөлт орж байна.
4. Цахим ертөнц тэдний цаг үрдэг орчин биш бүтээлч байдлын хөшүүрэг
Бид ихэнхдээ фэйсбүүк гүйлгэж, хаа хамаагүй хов жив, мийм зураг шэйрлэн, Tik Tok-ийн бичлэгүүд үзэхдээ л хамаг цагаа зарж, ихээхэн хугацаа, боломжийг алддаг шүү дээ. Багаасаа утас, интернэттэй холбогдсон тэдгээр хүүхдийг ч бас бид өөртэйгөө адил байна гэж харин бодож болохгүй нь. Учир нь тэд ихээхэн хугацааг интернэт орчинд өнгөрүүлэхдээ өөрт яг хэрэгтэй тэр зүйлийг олж үзэхэд, өөрийгөө улам хөгжүүлж, аливааг мэдэхэд зориулж байна. Тэд үзэх, унших зүйлээ анхааралтай сонгож, аль тааралдсанаа биш харин түүврийн аргаар буюу шүүлтүүртэйгээр хүлээн авч байна. Хүүхэлдэйн кино үзэхдээ ч тэд цаад санаа нь юу байна, дүрүүд яг ямар хүмүүс байна, яагаад ингэж байна вэ гэдгийг маш нарийн харж, бодож байдаг байна. Иймээс ч тэднийг интернэтэд хэт автсан гэж санаа зовох шаардлагагүй болох юм. Учир нь тэд юу харах, үзэхээ маш сайн мэдэж байдаг.
5. Тэдний сурах арга барил өөр
Тэд хүнээр загнуулж, олон арван гэрийн даалгаварт дарагдаж, заавал унш гэсэн хэдэн номыг л уншаад зогсдог хүмүүс болохгүй. Учир нь тэд бие даан суралцах, өөрийн сонирхдог зүйлээ туршлага, хайлтын үр дүнд мэдэж авах хүсэлтэй. Мөн тэд сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ-гээ маш сайн хөгжүүлж, аливааг өөр арга барилаар суралцан, хүлээж авах болно. Тэд нэгэн хэвийн зүйлд баригдахаасаа өнгөрсөн гэсэн үг юм. Тиймээс тэд багаасаа ном уншиж, чихэр жимс, амттан бэлгэнд авах бус бүтээлч, хэрэгтэй зүйлийг илүү сонирхдог байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.