Яармагийн замд 2015 оноос хойш 56 хүний амь нас эрсэджээ
2022-08-02 13:29:00
Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн урьд шөнө Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замд тавьж буй явган хүний нүхэн гарц барих ажлын явцтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, зорчих хөдөлгөөнийг аль болох хурдан нээх хэрэгтэйг гүйцэтгэгчдэд хэлж байв.
Нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хамгийн их осол аваар гардаг газруудын нэг нь энэхүү нүхэн гарц байгуулж буй хэсэг. Тус бүсэд сүүлийн таван жилд авто замын осол аваар олонтаа гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн осол аваарын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Осол аваар гурван байршилд давтагдаж буйн нэг нь нүхэн гарц байгуулж буй орчин юм.
Түүнчлэн Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгдсээр байгаа. Суурьшлаа даган сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Нүхэн гарц байгуулж буй орчимд л гэхэд тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрч, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлага хүсэлтийг удаа дараа өгсөн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.