Увс аймаг сумдын баяр наадмаа цуцлах шийдвэр гаргажээ

2022-08-02 10:00:00

Малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотой зарим аймаг сумдын болон олон нийтийг хамарсан баяр наадмын үйл ажиллагааг цуцалж эхэлжээ. Тухайлбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох захирамж гаргасан байна. Захирамжид, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумдын баяр наадмыг хориглохыг тусгажээ.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа аж.

Тиймээс өчигдрөөс /2022.08.01/ Ховд, Өмнөговь сумдад, наймдугаар сарын 05-наас бусад сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох юм байна. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга) Цагдаагийн газрын дарга (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр) нарт тус тус үүрэг болгожээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.