Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг авч эхэллээ
2022-07-29 10:14:00
Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд дүүргүүдийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31 мянга 788 хүүхэд амьдарч байгаа. Тус дүүргийн хэмжээнд өнөөдрийн тооцооллоор хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 92.3 хувьтай байгаа юм. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байна. Сонгинохайрхан дүүрэг хүүхэд бүрийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах Ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байгаа ажээ. Тус дүүргийн долоо, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна.
Харин Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13 мянга 231 хүүхэд оршин сууж байна. Тус дүүрэгт төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ба цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8410 юм байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой аж.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд наймдугаар сарын 10 хүртэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.