Б.Сангидорж: Шарилжийг зулгааж бус тайрч устгавал илүү үр дүнтэй
2022-07-26 13:18:00
Зуны 7 дугаар сарын 1-30 хүртэл ерхөг согоовор, Намар 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 30 хүртэл лууль, 7 дугаар сарын 20-доос 9 дүгээр сарын 10 хүртэл шарилжны тоосоо гүвэх эд оргил үе байдаг.
Хөл газрын ургамал буюу шарилжны тоосжилт нь харшил үүсгэх, өдөөх хүчтэй нөлөөтэй өвөрмөц тоосжилттой байдаг тул тоосжилтыг хязгаарлах гол арга нь таналт тайралт хийх явдал юм.
Хадалт, тайралт 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж зүлэг нэмэгддэг.
Шарилж лууль болон хөл газрын ургамалын тоосжилт ихэсч, үрээ цацаж эхэлдэг үе нь долдугаар сарын сүүлч бөгөөд үүнийгээ дагаад иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр нэмэгддэг.
Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68,3 нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байдаг аж.
Манайхан дээрх ургамлын тоосжилтыг бууруулах аргын талаарх мэдээлэл хангалтгүйн улмаас зулгаах, шатаах зэрэг аргыг их хэрэглэдэг. Гэвч энэ нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, тоосжилтыг нэмэгдүүлэн иргэдийн дунд харшил ихээр үүсгэдэг тул эдгээр ургамлын тоос дэгдэхээс өмнө хадалт/тайралт хийх нь илүү дээр байдаг аж. Тиймээс бид хогийн ургамлыг тайрах идэвхтэй аяныг өрнүүлж чадвал өөртөө болоод ургамлын харшилтай дотны хүмүүстээ тус болж байна гэсэн үг. Наанадаж өөрийн ажиллаж, амьдарч буй газрын гаднах хогийн ургамлыг тайрч, хайчлах хэрэгтэй
Ургамлын тоосны харшил хэзээ идэвхждэг вэ?
Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байна. Шарилж луулийн төрлийн ургамлууд долдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээс наймдугаар сарын дунд хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно
Эдгээр харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө дээр дурдсанчлан хадалт/тайралт хийснээр дараагийн жил бага ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.
Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайралт хийнэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.