Зуны амралтаараа уншиж, дотогш өнгийх 5 бяцхан ном

2022-07-20 10:11:00

Зуны амралтаараа уншихад тохиромжтой, хөнгөн богинохон боловч гүн гүнзгий утга агуулгатай номуудыг санал болгоё. Ном бүр өөр өөрийн өвөрмөц өгүүлэмжээр таныг өөрийгөө шинээр нээн, сэтгэл рүүгээ өнгийн, дотоод сэтгэлээ чагнахад туслах болно.

#1 Буйд газрын кафе "Яагаад" 

Зохиолч: Жон Стрелеки

Өдөр тутмын бужигнасан амьдралаас амсхийн буйдхан газрын "Яагаад" нэрт кафед зочилж буйгаар ном эхэлнэ. Амар амгалан, дотоод сэтгэлийн хүч, амьдралын утга учрыг өөрийн дотроос хайх аялалд таныг хөтлөх уран өгүүлэмж, гүн ухаант бүтээл. 

#2 Хайрын магтуу 

Зохиолч: Ален Бадью

Дотогш өнгийх, өөрийгөө нээх гэтэл юун хайр вэ гэж үү? Байзаарай. Хүн бүхэн хайрлах, хайрлуулахыг хүсдэггүй гэж үү? Хайрын тухай гүн ухааны өнцгөөс эгэл даруу боловч хүчирхэг өгүүлэх эл бүтээл танд хайрыг мэдрүүлж, алган дээр тавьсан мэт дэлгэж харуулж, магад яагаад өнөөг хүртэл хайрлаж чадахгүй байсныг тань ойлгуулах болно. Та хүсвэл илүү ухаалгаар хайрлахад суралцуулж ч мэднэ. 

#3 Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс

Зохиолч: Хэмин Суним

"Бодлынхоо үүлнээс ангижрахыг хүсвэл бодлоо зүгээр л одоо цагт нь байлга. Санаа бодлын үүл гэдэг зөвхөн өнгөрсөн, эсвэл ирээдүй цагт л оршдог. Оюун санаагаа эдүгээ цагт хамаатуулсан цагт л бодол тань амарна." Одоо цаг, аз жаргал, эгэл энгийн амьдралын таашаал, уучлал, тайтгарал, дотоод сэтгэлийн хүчийг номоос тольдоорой. 

#4 Асуултын ном

Зохиолч: Пабло Неруда

Нэрт яруу найрагчийн эл бүтээл дэлхийн яруу найргийн өвөрмөц түүвэр юм. Яруу найргаар дамжуулан таныг дотоод бодол сэтгэлээр тань аялуулж, хэзээд сөхөн харахад нэг нандин зүйлийг өөдөөс тань дэлгэх вий. 

#5 Өчигдөрт илгээх захидлууд

Зохиолч: Д.Сарангуа

12 өгүүллэгээс бүрдсэн бяцхан бүтээл боловч өгүүллэг бүр танаас өөр рүүгээ өнгийх хүндхэн асуултыг асууна. Тэмдэглэл бичиж, өөрийгөө "нэг сайн" сонсоход зориулагдсан. Өнгөрсөнд захидал илгээх хэрэг гарах ч юм бил үү? 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.