СУДАЛГАА: Жимс, ногоо урьдынх шигээ шим тэжээлтэй байхаа больсон
2022-07-19 09:40:00
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд бидний тарьж идэж байсан хүнсэн дэх уураг, кальци, төмөр, витамин C, B2 бага багаар буурч буйг судлаачид сануулж эхэллээ. “Ургамал дахь амин дэмүүд элдэв өвчнөөс сэргийлдэг. Гэтэл ургамлын шим тэжээл багасна гэдэг бидний өвчинтэй тэмцэх дархлааг сулруулна” гэж Вашингтоны их сургуулийн геоморфологийн багш Дэвид Р. Монтгомери ярьжээ.
Америкийн хоол тэжээлийн коллежийн сэтгүүлд 1950, 1999 онд USDA-д хэвлэгдсэн шим тэжээллийн мэдээллийг ашиглан аспарагус, буурцаг, гүзээлзэгэнэ, тарвас гэх мэт жимс ногоог 43 өөр талбайгаас аван 13 төрлийн шим тэжээлийг харьцуулжээ. Ингэхэд яс, шүд бэхжүүлдэг, мэдрэлийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай уураг, кальци, фосфорын хэмжээ, түүнчлэн хүчилтөрөгч зөөвөрлөхөд чухал шаардлагатай төмөр, өөх тос, эмийн бодисын солилцоонд нөлөөлдөг B2-ын агууламж тус тус буурсан байжээ. Эд эсийн өсөлт, нөхөн сэргэх, дархлааны үйл ажиллагаанд ач холбогдолтой витамин C ч мөн буурчээ.
Шим тэжээлийн буурах түвшин харилцан адилгүй боловч ерөнхийдөө уураг 6 хувь, B2 витамин 38 хувь хүртэл буурчээ.
Асуудлын үндэс нь өнөөгийн хөдөө аж ахуйн үйл явцаас болж байгаа аж. Усалгаа, бордоо, ургац хураах аргууд өөрчлөгдсөн нь ургамал болон хөрсний мөөгөнцөр хоорондын харилцан үйлчлэлийг тасалдуулж, хөрсөөс шим тэжээл шингээх үйл явцыг бууруулдаг байна. Мөн дэлхийн дулаарлаас үүдэн нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин нэмэгдэж байгаа нь ч нөлөөлж байгаа гэж эрдэмтэд үзжээ.
Мэргэжилтнүүд шим тэмжээл буурч байгаагаас болж ногоо, жимс идэхгүй байж болохгүй. Харин юу идэхдээ анхаардаг шигээ идэж байгаа зүйлсийг яаж тарьж, ургуулж байгааг анхаарах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн хүн ам өсөхийн хэрээр газар тариалан эрхлэх талбай хомсдох учраас үүнээс сэргийлж нэгэнт үржил шимгүй болсон газрыг ч сэргээн ажиллах хэрэгтэй гэжээ.
Шим тэжээл буурч буй нь мах иддэг хүмүүст ч бас нөлөөлнө. Үхэр, гахай, ямаа, хонь шим тэжээл багатай өвс, үр тариагаар хооллож эргээд мах болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнийг урьдынхаас шим тэжээлгүй болгох ажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.