Шатахуун дутуу шахсан тохиолдолд хэмжилтийн саваар шалгахыг ШТС-аас шаардах хэрэгтэй гэв
2022-07-18 13:57:00
Хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 авто бензиний түгээгүүрийн хошууны шахалт(дутуу шахалт)-ын хэмжээг шалгажээ.
Шалгалтад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Петровис ШТС-23”, 11 дүгээр хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, 12 дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг хамруулсан байна.
“Чулуун овооны Петровис ШТС-аас АИ-92 авто бензин худалдан авахад хий шахсан. 45 л ордог банканд 48 л бензин орсон” гэх иргэний гомдлын дагуу “Петровис ШТС-23”-д шалгалт хийлээ. Эталон мерникд 5 л, 10 л АИ-92 авто бензин шахаж MNS 3015:2014 стандартын дагуу шалгахад зөрчилгүй тухайн хэмжээндээ зааж, лац хөндөгдөөгүй хэвийн байв.
Магнай трейд, Шунхлай, Петровис, Тэс петролиум компаниудын шатахуун түгээх газруудад хяналт хийж үзэхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.
Зарим шатахуун түгээх газруудын хувьд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алдах нөхцөл байдал байна. Иймд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогтмол хийж байх талаар албан шаардлага хүргүүллээ. Иргэд хэрэглэгчдэд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-аас хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгахыг шаардах хэрэгтэй юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.