Б.Төгсбаяр: Эрдэнэс тавантолгойн захирал Б.Ганхуяг аа ахиад нэг хүний амь хэрэгтэй байгаа бол би өгөхөд бэлэн байна

2022-06-27 16:16:00

Адил цагаар ажиллаж байгаа ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид бага цалин авч байгаа талаар өнөөдөр Normount компанийн ажилтан Б.Төгсбаяр, Уурхайчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ононхангай нар мэдээлэл хийлээ.

Normount компанийн ажилчид цалингаа нэмүүлэх талаар удирдлагуудтайгаа хэлэлцээр хийхэд нэмэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

Хөдөлмөрийн тухай хуульд инфляцын түвшинтэй уялдуулж цалин нэмнэ гэж заасан байхад яагаад боломжгүйг нь асуухад Эрдэнэс Тавантолгой ХК-тай анх гэрээ хийхэд түлшний үнэ 1,800 төгрөг байсан ч одоо өсчихөөд байгаа. Мөн туслан гүйцэтгэгч компани хийсэн ажлынхаа хөлсийг одоог хүртэл аваагүй гэсэн хариу хэлсэн гэж Normount компанийн ажилтан Б.Төгсбаяр мэдээллээ.

Тэрбээр, “Аваагүй шалтгаан нь ажлынх нь хөлсийг нүүрсээр өгдөг тул хил, гааль хаалттайн улмаас нүүрсээ гаргаж чадахгүй байгаа юм байна. Энэ ганцхан манай компанитай холбоотой асуудал биш. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайд хүний эрх зөрчигдөж байна. Учир нь Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид 5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалинтай байхад яг адилхан ажлын байранд ажилладаг туслан гүйцэтгэгч компанийн ажилчид маш бага хөлс авч байна. Тус компани өөрийгөө хүний эрхийг дээдэлдэг гэж сурталчилдаг ч өөрсдийнх нь төсөл дээр ингэж хүний эрх зөрчигдөж байна. Бүх ажлыг нь туслан гүйцэтгэгч компанийнхан хийдэг мөртлөө жилийн эцсээр үр дүнгийн мөнгө гээд тус үндсэн ажилчдад 10 саяас дээш төгрөгийн урамшуулал ордог. Гэтэл бидний цалин дээр 10,000 төгрөг ч нэмэлтээр ордоггүй. Ийм хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоохыг шаардаж байна. Хятад компанитай хийсэн гэрээ дээрээ тэд туслан гүйцэтгэгч компанийн ажилчдын цалин хөлсийг бидний жишигт байлгана гэх хэдхэн үг орсон байсан бол бидний эрх ашиг ингэж хөндөгдөхгүй байсан. Ийм зүйлсээс болж бид компанитайгаа үл ойлголцож байна. Ирэх долдугаар сард гэрээг эргэж харна гэсэн зүйл яригдаж байгаа. Хэрвээ тийм бол тэр гэрээндээ бидний цалин хөлсний асуудлыг тусгаж өгөхийг хүсэж байна” гэв.

Уг асуудлаас болж албан бус тоогоор 60 мянга гаруй уурхайчин тэдний ар гэрийнхэн гээд нийт 300,000 орчим хүн эрх ашиг хөндөгдөж байна. Хэрэв энэ асуудлаас болж хүний амь хэрэгтэй байгаа бол би өгөхөд бэлэн байна хэмээн Normount компанийн ажилтан Б.Төгсбаяр ярилаа.

ГУУХТ холбооны УЗ-ийн дарга Б.Ононхангай “Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой гэх Монголын стратегийн хамгийн том хоёр төсөл дээр зах замбараагүй гэрээт компаниуд оруулж, тэдгээр нь ажилчдынхаа эрх ашгийг зөрчдөг байдлыг яагаад төр засаг хянадаггүй вэ. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой төсөлд ажиллаж байгаа нийт ажилчдын 85 хувь нь цалингийн хамгийн доод зэрэглэлтэй ажиллаж байгаа. Эрдэнэс Тавантолгой компани туслан гүйцэтгэгчдэдээ ажлынх нь хөлсийг өгөхгүйгээс болж, туслан гүйцэтгэгч зарим Монгол компаниуд нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж чадахаа больсон. Нэг төсөл дээр адилхан цагаар ажиллачхаад үндсэн ажилтан нь хэдэн сая төгрөгийн цалин авч, гэрээт ажилтан үндсэн ажилтны цалингийн 50 хувьд ч хүрэхгүй цалин авч байна. Миний хувьд, энэ цалингийн ялгаа нь хөдөлмөрийн мөлжлөг бөгөөд гэрээт компаниуд нь ажилчдынхаа цалингаас ашиг олж ажиллаж байна гэж харж байгаа” гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.