Цагдаагийн газрын ахлах ахлагч С.Ганбаатар 13 дахь өдрөө 403км замыг туулан гүйж УБ-т орж ирлээ
2022-06-23 16:30:00
Тээврийн Цагдаагийн Албаны Төмөр зам дахь цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар зургаадугаар 10-наас эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл 1,111 километр алсын зайд гүйж байгаа.
Тэрбээр, 13 дахь өдрөө 403 км замыг туулж, "Улаанбаатар өртөө"-нд ирлээ.
Тээврийн Цагдаагийн Албаны Төмөр зам дахь цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар " 13 хоногийн хугацаанд хад асга, намаг, гуу жалгыг өөрийн биеэр тууллаа. Анх гарахдаа нэлээд саад бартаа туулна гэж тооцоолсон. Өдөрт 40 километр явах болов уу гэж төлөвлөж байсан ч арай амжаагүй. Гэхдээ Дархан өнгөрөөд замд бартаа саад гайгүй болсон. Тиймээс өдөрт 40 километр явсан. Цааш Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл гүйнэ. Наадмын дараа буюу долдугаар сарын 16-нд зорьсон газартаа хүрэх төлөвлөгөөтэй байгаа" гэв.
Түүний гэргий Ж.Сарангарав "Нөхөр маань авто зам биш төмөр замаа дагаад гүйж байгаа. Анхандаа хол газар явахыг нь зөвшөөрөөгүй. Тиймээс ч өөрөө хамт явах хэрэгтэй гэж бодсон. Уул овоо, жалга, намаг ихтэй газар их таарсан. Нөхрийгөө дагаж явахад заримдаа бэртчих вий гэж их санаа зовдог” гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.