2-5 насны 141 мянган хүүхдүүдийн 30 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж байна
2022-06-15 09:02:00
Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдлагуудын төлөөллийн уулзалт өчигдөр боллоо.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ирэх намар гэхэд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүрэг чиглэлийн засгийн газрын хуралдаанаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон нийслэлийн засаг дарга нарт өгсөн.
Хүртээмжийг сайжруулахдаа хувийн хэвшлийн хүч, оролцоонд тулгуурлах болно гэдгээ БШУ-ы сайд зарлалаа. Харин хэрхэн хамтрах, түншлэх талаар өчигдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид, эрхлэгч нартай зөвлөлдөв.
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1,453 байгууллага байдгаас 481 нь хувийн цэцэрлэг байна. Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд ачаалал өндөртэй 26 хорооны 57 байршлыг зарлаж байгаа. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхэд байна.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтрахдаа төр хэд хэдэн шийдэл танилцуулж амлалт өгч байгаа юм.
- Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг ойрын үед гаргаж хамгийн эхэнд хувийн хэвшлийнхэнд санал болгох
- Зарласан бүс нутагт хувийн цэцэрлэг байгуулах, цэцэрлэгээ өргөтгөж шинээр байр түрээслэх болон худалдаж авах тохиолдолд ойр орчимд төр 5 жил цэцэрлэг барихгүй, түрээслэхгүй байх тогтвортой байдлын гэрээ байгуулах
- Цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэх
- Цэцэрлэгийн багш, туслах багш нарыг МУБИС тэргүүтэй консерциумаар дамжуулан бэлтгэх, хувийн цэцэрлэгүүдэд хуваарилах
- Ачаалал өндөртэй байршилд хамран сургах тойргийн хүүхдүүдийг хамруулсан хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх, хоолны мөнгө олгох
- Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран хамран сургах тойргийг шинээр зурах, тухайн цэцэрлэгт бүртгэлтэй хүүхэд бүтэн жилийн турш тууштай хамрагдах боломжийг бүрдүүлэх юм.
Харин уулзалтад оролцсон хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч нар
- Эдийн засгийн болон эрх зүйн тогтвортой байдал
- Цэцэрлэгээ өргөтгөхөөр зээл авахад батлан даалт гаргах эсэх
- Ачаалал өндөртэй байршилд үйл ажиллагаа явуулдаггүй бол дээрх боломжуудад хамрагдах эсэх гээд олон асуултыг асууж хариулт авсан.
Энэ удаагийн өргөтгөсөн уулзалтаас гадна 6, 7 дугаар саруудад дүүрэг тус бүрээр хэсэгчилсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөв.
Хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай байна
Сургуулиудын төлөөлөлтэй уулзах үеэрээ боловсролын салбарын санхүүжилт, удирдлага, засаглал, үнэлгээний тогтолцоо, багшийн хөгжил, цахим шилжилт зэрэг шинэчлэлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн менежментийг сайжруулах нь чухал байна. Үүнийг ажил хэрэг болгоход хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд хэллээ.
“Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах найман сургуульд хэрэгжүүлээд байна. Ингэхдээ Шинэ Монгол менежментийн найман брэнд туршлагыг хэрэгжүүлжээ.
Үүнд:
- Сургуулийн соёл төлөвшил
- Багш нарыг багт нэгтгэх
- Ажлын байран дээрх багшийн хөгжил
- Эцэг эх олон нийттэй хамтран ажиллах
- Сургалтын цогц хөтөлбөр
- Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
- Шалгалт, үнэлгээ
- Төгсөгчдийн эргэх холбоо зэрэг багтсан байна.
Төслийг хэрэгжүүлж байх явцад сурагчдынхаа бодит байдлыг судлах, сургууль бүр өөрийн алсын хараагаа тодорхойлж үүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах гэсэн уялдаа холбоогоор ажилласан байна. Төрийн өмчийн найман сургуульд ажилласан туршлагын адил нийт төрийн болон хувийн өмчийн сургуулиудын менежментийн механизмыг бий болгож, нэгдсэн загвар гаргах хэрэгтэйг оролцогчид санал нэгтэй хэлж байлаа.
Сургуульд суурилсан менежментийг бий болгох хүрээнд Боловсролын ерөнхий газар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө, тайлангийн загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.