Төсөв бол улс төрчдийн оноо авах хэрэгсэл биш

2025-09-19 16:46:00


 

Жил бүрийн намар Монголын төр төсвөө хэлэлцэж, ирэх онд  мөнгөө хэрхэн  зарцуулахыг биш хэн нь өөрийнхөө бизнест өөрийн эрх ашигт нийцүүлэх вэ гэдэг хэрүүл  өрнөдөг. Төсөв бол зүгээр нэг тоо, мөнгөний хүснэгт биш. Энэ бол ард иргэдийн өдөр тутмын амьдрал, цалин хөлс, боловсрол, эмнэлэг, зам тээвэр, нийтийн үйлчилгээтэй шууд холбогдсон том асуудал юм. Гэтэл бодит байдал дээр төсөв нь улс төрчдийн эрх ашиг, сонгуулийн ашиг сонирхолд хэт нийцсэн байдлаар хуваарилагддаг нь олонтаа.

Төсөв хэлэлцэх үед гишүүд тойргийнхоо нэр дээр олон тэрбумын хөрөнгө оруулалт батлуулж, зам тавих, спорт заал барих, хөшөө босгох зэрэг жижиг, богино хугацааны ажлуудад хөрөнгө суулгуулдаг. Энэ нь олон нийтийн өмнө “ажил хийж байна” гэх пиар болдог ч бодит байдал дээр улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаггүй. Түүнчлэн зарим төсөв нь компани, бүлэглэл, улстөрчдийн бизнесийн сонирхолтой холбогддог нь ч одоо нууц биш болж. 

Жишээлбэл өмнөх жилүүдэд төсвийн мөнгө хэрхэн хуваарилагдаж, ямар салбарт зарцуулагдаж яаж үр ашиггүй өнгөрч байсныг эргэн санацгаая. 

1. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж

• Боловсролын салбарын нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 4.13% байгаа ч орон нутагт сургуулийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна.

• 2023 онд улсын хэмжээнд 280 мянга орчим хүүхэд сургуульд сурч байсан ч нийслэл болон аймгийн төвүүдэд 3 ээлжээр хичээллэж буй ангиуд хэвээр байна.

• Зарим аймгийн сургууль 50–60 хүүхэдтэй ангидаа багтахгүй шахцалдаж байгаа нь төсвийн хөрөнгө зөв хуваарилагдахгүй байгаагийн тод жишээ.

2. Эрүүл мэндийн үйлчилгээ

• Эрүүл мэндийн салбарын зардал ДНБ-ийн 3.8% байна. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин бага.

• 2023 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт 21%-иар нэмэгдсэн ч аймгийн төвийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, эмч нарын цалин хөлс бага хэвээр байна.

• Жишээлбэл, зарим аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, CT гэх өндөр технологийн аппарат байхгүй тул иргэд Улаанбаатар руу заавал зорчих шаардлагатай болдог. Энэ нь иргэдийн халаасны зардлыг нэмэгдүүлж байна.

3. Дэд бүтэц ба амьдралын чанар

• Орон нутгийн замд зориулсан хөрөнгө жил бүр төсөвт тусдаг ч олон зам “сонгуулийн үеийн тууз хайчлах ажил”-аар хязгаарлагдаж, чанар муутай хийдгээс хэдхэн жилд эвдэрч, дахин төсөв иддэг.

• Зарим сумдад цэвэр усны эх үүсвэр хангалтгүй, төвлөрсөн дулаан, бохирын шугам байхгүй байсаар байна.

• Иргэдэд хэрэгтэй ийм дэд бүтцийг урт хугацаанд шийдэхийн оронд богино хугацааны “хөшөө, талбай, спорт заал” зэрэг пиарт чиглэсэн ажилд хөрөнгө оруулалт хийдэг нь нийтлэг.

4. Иргэдийн амьдралын шууд дарамт

• Эрүүл мэндийн нийт зардлын 32.4% нь иргэдийн хувийн халааснаас гардаг.

• Энэ нь орлого багатай өрхүүдэд хамгийн том дарамт болж, өвдөхөөс айж эмнэлэгт очдоггүй, эм тариаг өөрсдөө худалдаж авдаг байдалд хүргэж байна.

• Сумын төвүүдэд ажилгүйдэл өндөр хэвээр: зарим аймагт ажилгүйдлийн түвшин 7–9% хүрч байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт юм.

Жил бүр л хүүхдүүд гурван ээлжийн ангид шахцалдаж, өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муугаас болж нийслэл рүү зорчих шаардлагатай хэвээр байна. Зам, дэд бүтэц чанаргүй баригдаж, дахин дахин төсөв идсээр байгаа нь нийтлэг үзэгдэл.

Төсөв бол улс төрчдийн оноо авах хэрэгсэл бус, иргэдийн амьдралыг сайжруулах бодит хөрөнгө байх ёстой. Ард иргэд татвараа төлж байгаа учраас төсөв ч тэдэнд бодитоор үйлчлэх цаг хэдийн болсон.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.