Улс төрийн матарскоф: Чуулганы танхимд энэ хэний зааж өгсөн асуулт вэ гэдэг моод дэлгэрсэн юм аа даа
2025-09-19 15:12:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хууль болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд бие биеийнхээ асуусан асуултыг хэний захиасын асуулт вэ гэж буцаж асуудаг моод дэлгэсэн юм уу даа манай их хурлын танхимд. Үнэхээр анхаарал татахуй чухал асуулт асууж иргэдэд тулгамдаж буй асуудлаар асуулт асуусан сангийн сайдын хариулт болоод салбар нь хүнд нөхцөл байдалд байгаа эрчим хүчний сайдын асуулт үнэхээр инээдтэй байлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн М.Энхцэцэг : “2026 оны улсын төсөв дээр эрчим хүчний салбарт анхаарал хандуулаагүй байна. Яагаад гэхээр эрчим хүчний салбар зам тээврээсээ бага төсөвтэй. Эрчим хүчний салбарт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв. Гэтэл зам тээврийн салбар бараг л 1 тэрбумын төсөвтэй байна. Эрчим хүчний салбар улс, орны эдийн засгийг боомилчхоод байгааг хүн бүр мэдэрч, мэдэж байгаа. Үйлдвэр, орон сууц баръя гэсэн маш олон хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй байна.
Станцын маш олон жилийн насжилттай техник, хэрэгслүүд нь эхнээсээ дэлбэрч эхэллээ. Эрчим хүчний салбарын 17 мянга гаруй хүнийг аюулгүй, найдвартай нөхцөлд ажиллуулж чадахгүй байна. Асфальтан зам хэрэггүй, асаалттай гэрэлтэй баймаар байна гээд захиад байгаа. Гэтэл энэ захиас, хүсэлт туссан нь хаа байна вэ. Захиасыг нь биелүүлэхгүй юм бол ард түмнээсээ асуулаа гэж шоудох ямар хэрэгтэй вэ.
Ийм чухал салбартаа өөдтэй төсөв тавиагүй хэр нь эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наядыг зарцуулна, хамаг асуудлыг нь шийднэ гэж худал мэдээлэл тараагаад байх юм. Энэ 3.9 их наяд гэдэгт өмнөх жилүүдийн бүхий л зээл, тусламжийг хамж шимээд, дээрээс нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа станцын 2.5 тэрбум төгрөгийг оруулаад хуураад байна.
Ард түмэнд үнэнийг хэлэх ёстой. Бид та бүхний татварын мөнгийг эрчим хүчний салбарт өөдтэй төсөвлөж чадахгүй байна. Энэ бол бодит байдал. Тиймээс та бүхэн лаа, чүдэнзээ ойрхон байлгаарай гээд үнэнээ л хэлэх ёстой. Иргэд татварыг миний анхан шатны хэрэгцээг шийдээд өгөөрэй гээд тушаасан юм. Гэрэл, дулаан бол хүний анхан шатны хэрэглээ. Тиймээс аяга цайгаа буцалгаад уучих боломжгүй, ёлтгор гэрэлд сууж байгаа иргэдийн асуудалд төсвөө зарцуулах ёстой шүү дээ" гэв.
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан: Б.Чойжилсүрэн сайд асуултыг бэлдэж өгсөн юм шиг байна. Бүх сайдын төсөв хасагдсан, зөвхөн Б.Чойжилсүрэн сайд биш. Одоо бид энэ хязгаар дотроо л багтаж амьдарна. УИХ-аас төлөвлөгөө гаргаж өгөөд 24 хувьдаа багтаа гэсэн. Бүгд л хасаж, тануулсан. Одоо байгаагаа яаж үр өгөөжтэй зарцуулах вэ гэдгийг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ. Энэ бол маазрах асуудал биш. Бүгд байж болох бүх боломж, хөрөнгөө энэ салбарт зориулж байгаа. Хамгийн том асуудал бол цахилгааны тариф. Бид 30 жил тарифыг барьсан учраас асуудал энд хүрсэн” гэж хариуллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: “М.Энхцэцэг гишүүн салбарын хүн учраас бодит байдлыг сайн мэдэж байгаа юм. Шүүмжлэл нь ч ортой, бодит байдлыг бүгдийг мэдэж байгаа. Арга байхгүй. Сангийн яамнаас өгсөн хэмжээ нь энэ, байгаа боломж нь л энэ” гэсэн юм.
Заа тэгээд хэн хэнээрээ ямар далд санаа ямар агуулгатай асуулт асууж хэний яам илүү дутуу төсөв авсан байхаас илүү бид энэ өвөл дулаантай, тогтой өвөлжиж чадах юм уу сайд нар аа. Одоо ч тогны хязгаарлалт өдөр бүр хийж, дулаанаа аваагүй сургууль цэцэрлэг байгаа шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.