Цагдаагийн байгууллага гаднаа “тусламжийн хонх” байрлуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг хөнгөвчилсөн гэв

2025-07-08 20:41:00

Нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрсдөд нь тулгамддаг асуудлаар төр болон хувийн байгууллага, олон нийтэд хандан сэтгэгдлээ хүргэжээ.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг тодотгол бидний хувьд зүгээр нэг үг биш.

Энэ нь өдөр бүрийн амьдралд тулгардаг олон бэрхшээл, саадыг дагуулсан бодит нөхцөл байдал. Төрийн байгууллагад үйлчлүүлэх, бичиг баримтаа бүрдүүлэх эсвэл зүгээр л хүссэн мэдээллээ авахад хүртэл бидэнд шатаар өгсөх, өрөөнөөс өрөө дамжих, олон хүнтэй газар өөрийгөө ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт сорилтууд тулгардаг. Зарим үед зүгээр л “өөрөө орж ир”, “түр хүлээ”, “дараа ир”гэсэн үгс биднийг төрийн үйлчилгээ авахад улам холдуулдаг.

Сүүлд цагдаагийн байгууллагын хийсэн нэгэн алхам надад нэгийг бодогдуулсан л даа. Тэд байгууллагынхаа гадна “тусламжийн хонх” байрлуулсан байна. Энэ жижигхэн хонх анзаарагдахгүй мэт атлаа маш том утгатай. Энэ нь биднийг байгууллагын хаалган дээр орох гэж бусдыг хүлээх, гуйх зэрэг саатуулдаг байсан бэрхшээлүүдийг хөнгөвчлөөд зогсохгүй, бидний нийгэмд оролцох оролцоог хүндэтгэж, ойлгож эхэлсний илэрхийлэл юм шиг санагдсан.

Тэр хонхыг дарахад дотроос цагдаа гарч ирж, хэрэгцээг маань анхааран сонсож, шаардлагатай тусламжийг үзүүлдэг. Энэ бол “өөрийгөө мэдрүүлж чадахгүй, орж чадахгүй хүмүүсийн хувьд хаалганы цаана үлддэг байсан нийгмийн хаалттай орчинг нээж өгч байгаа” маш чухал өөрчлөлт. Хүн бүрийн эрх тэгш оролцоог хангана гэж ярих амархан ч, үүнийг бодитоор хэрэгжүүлж байгаа нь тун цөөн байдаг шүү дээ.

Ийм алхам бүр бидний хувьд зөвхөн үйлчилгээний хүртээмж бус, хүний эрх, хүндлэл, хандлагын өөрчлөлтийг авчирч байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог зөвхөн “яриад өнгөрөх” биш, ингэж амьдралд нь нэвтрүүлж чаддаг байгууллага олон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Төрийн гэхгүй хувийн байгууллагууд ч бас санаа аваад хэрэгжүүлээсэй” гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.