Х.Нямбаатар: УИХ-ын гишүүн Да.Цогтбаатарт багахан шиг попроорой гэж хэлье
2025-06-11 18:04:00

Өчигдөр буюу 6 дугаар сарын 10-ны УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар автомашины татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хүмүүс өдөр бүр Ulaanbaatar.mn рүү дарж ороод, та нарт санал өгөх гээд сууж байх уу. Та нарт иргэдийг машинтай нь байлгая, аз жаргалтай хотод амьдруулъя гэдэг сэтгэл алга. Ажил, амьдралаа зохицуулах гээд хүн машинаа авч унана, лизингээр авах үгүй нь та нарт хамаагүй. Яагаад та нараас заавал зөвшөөрөл авч машинаа лизингээр авч унах ёстой юм бэ. Ийм коммунист сэтгэлгээнээсээ сал. Инженерийн шийдэл хайх байтал татвар нэмэв. Хоёрхон хүнээс санал авчхаад УИХ-ын түвшинд асуудлаа яриад сууж байгаагаасаа ичих хэрэгтэй. Э.Бат-Үүл дарга цэцэг алагласан хот өгсөн шүү дээ. Одоо түгжрэл, стресс л байна” хэмээн хотын удирдлагуудыг хатуухан шүүмжилсэн.
Тэгвэл өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа "
Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ?
Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ? Өнөөдөр томроод байгаа Даваагийн ЦОГТБААТАР гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм? Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой.
Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл 5 сар, 6 сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. 6 сарын 15-20 хооронд тарьж эхэлдэг" гэж бичжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.