Авилгатай тэмцэх үйлд тань ХҮҮ тань саад боллоо САЙД АА
2025-05-15 12:35:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 630 сая 945 мянган төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ. Үүнээс 300 гаруй саяын үнэлгээтэй нэг орон сууц, 30 сая төгрөгийн үнэлгээтэй нэг машин, 169 сая 305 мянган төгрөгийн үнэлгээтэй малтай, 67 сая 500 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.
Мөн Херо энтертайнмент ХХК-ийн 50 хувь, Хүлэг контент ХХК -ийг 100 хувь эзэмшдэг. Энэ хөрөнгө энэ онд хэрхэн өөрчлөгдсөнийг тун удахгүй төрийн өндөр албан хаагчдын ХОМ-ын мэдүүлэг шинэчлэгдэх үед харж болно. Харах гээд байгаагийн учир энэ хөрөнгө үрэгдсэн үү нэмэгдсэн үү гэдэг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний хөрөнгө нэмэгдэх нь мэдээж ч төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө гэнэт 2-3 дахин үржигддэг эсвэл хэтэрхий тансаг хэрэглээтэй атлаа хөрөнгөнөөс нь хасагддаггүй гэх мэт но-той асуудлууд бидэнд харын сэтгэл төрүүлсээр байна.
Мэдээж өнөөдөр олны анхаарлын төвд байгаа түүний том хүүгийн сүйт бүсгүйдээ зарцуулж буй тансаглал ч бас энэ хөрөнгөнөөс үү эсвэл татвар төлөгчдийн хармаанаас гарсан уу гэдэг сонирхол татаж буй тул бид үүнийг асуух эрхтэй. 160 гаруй сая төгрөгийн мал хуйгаа зараад эхнэртээ бэл бэлчингээ гайхуулсан уу? Өөрийн сарын орлогоо 7-8 сар нэг ч төгрөг үрэлгүй, идэж уулгүй цуглуулаад ингэж эрхлүүлсэн үү гэдгийг бид мэдэх ХУУЛИЙН үндэслэлтэй.
Тиймээс ерөнхий сайд таны УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах жагсаалыг тэргүүлж байхдаа авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэсэн үгийг тань одоо Монголын ард түмэнд танд сануулж байна. Таны хорин настай хүү хаана, ямар албан тушаал хашиж хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Энгийн иргэн Л.Оюун-Эрдэнийн хүү хэрхэн тансаглах нь хэнд ч хамаагүй. Харин та бол Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй, Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тиймээс таны хүүгийн энгийн иргэдийн амьдралаас хэт хол тасарсан тансагласан мөнгө хаанаас гарсныг бидэнд үнэн зөвөөр нь хариулж өгнө үү.
Өчигдөрхөн л том төслийг хөдөлгөнө том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Том сорилтуудтай нүүр тулж, даван гарна. Тийм учраас 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэлэлцээр цэг тавьж, түүх бүтээж чадлаа хэмээн бахархаж байсан үйл хэргийн тань замд өөр хэн нэгэн биш таны өсгөсөн хүү саад болсон шүү битгий гомдоорой.
Улс төрд хол явъя гэвэл ураг төрлөөсөө хол бай. Ураг төрөлтэйгөө явъя гэвэл улс төрөөс хол бай гэдэг дээ. Нэгэнт улс төрд гарчихсан төрүүлсэн хүү тань балаг тарьсан нь үнэн хойно шударга байж үнэнээ өчихийг хүсье сайд аа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.