Нуруу өвдөөд байна дарга аа!
2025-05-12 15:37:00

Би нийслэл Улаанбаатар хотод амьдардаг дөрвөн хүүхэдтэй, БЗД-т хоёр өрөө байрны ипотекийн зээлтэй, хувьдаа жижиг тэрэгтэй нэгэн аав. Багадаа ийм амьдралыг баян амьдрал гэж боддог байв. Би өдөр нь найман цагийн ажлаа хийгээд ажлаа тарж гэртээ орж хоёр цаг орчим унтаад, буцаж гарч машин угаалга ажиллуулаад үүрээр дөрвөн цагт гэртээ ирээд дахиж 2 цаг унтаад буцаад ажилдаа явдаг. Энэ хугацаанд бага насны 4 хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөж буй эхнэр маань тогтмол ажил хийж амжихгүй тул бас л хувиараа жижиг сажиг ажил хийж биесээ дэмнэнэ. Ингээд би хорин дөрвөн цагийн ердөө дөрвөн цагт нь л унтдаг. Ингэж хичээж амьдраад ч манай гэр бүл бүсээ чангалж амьдардаг.
Би цалингаасаа хүн бүрийн төлдөг татваруудыг ягштал төлнө, мөн хувиараа бизнес эрхлэгч гэж бас төлөх ёстой татваруудаа төлнө. Тэгээд хүүхдийн нэмэлт дугуйлан, байрны лизинг, хэрэглээний төлбөрүүд хоол хүнс гээд орлого маань дуусахад хувцас, бусад эд хэрэглэл болон зарим гэнэтийн зардлуудаа зээлийн аппликейшинд даатган амьдарч байна.
Ингэж шүд зуун амьдарч байгаагийн цаана ирээдүй байгаасай, үрсийн маань амьдрах орчин эрүүл болоосой, сургууль цэцэрлэгээсээ чанартай сургалт үйлчилгээ авдаг болоосой, өвдөөд хэвтэхэд төлсөн татварын үр шимээ хүртэнэ дээ гэж итгэснийх.
Гэтэл бага хүү маань цэцэрлэгтээ хоолны нэмэгдэл төлбөр хорин мянгыг төлдөг, жилдээ анги танхим орчин тойрноо засаж шинэчилнэ хэмээн сайн дурын хандив авдаг. Сургуулийн хүүхдүүд маань үдийн цайндаа хангалттай шим тэжээлтэй хоол идэж чаддаггүй, үндсэн хичээлүүдээс бусдаар бүх дугуйлан, бүх үйлчилгээг өөр газраас маш өндөр үнээр худалдаж авдаг.
Харин би энэ их ажил ачааллын хажуугаар эмнэлгээс үйлчилгээ авна гэж мөрөөдөх ч эрхгүй. Шүдээ үзүүлэхээр дүүргийн эмнэлэгтээ хандахад оочир нь хамгийн багадаа сар хагасаар үргэлжилдэг. Тиймээс би сар бүр гаргадаг тогтмол зарлагаа нөхөж орлого олохын тулд нэг бол эрүүл мэндээ золих, эсвэл хувийн хэвшлээс тэр үйлчилгээг арай өндөр үнээр ч шуурхай худалдан авдаг.
Гэтэл төсвийн задаргааг цаг гарган харахад төрийн бүх байгууллагын урсгал зардал маш өндрөөр байсан нь нүд бүлтийлгэж билээ. Биднээс хандив аван байж зассан анги сургууль цэцэрлэгийн байранд засвар хийнэ хэмээн төсвөөс мөнгө гардаг байж, бидний үйлүүлээгүй төрийн үйлчилгээнд зориулж маш их хэмжээний урсгал зардал төсөвлөгддөг байж бурхан минь.
Одоо бол нуруу өвдөөд байна аа. Өдөр ирэх бүр бүтэц нь данхайж үр ашиггүй, бүтээмжгүй олон ажлын байр төрд бий болж тэр бүртээ элдэв томилолт нэртэй зугаалгын төлбөрийг бидний татварын мөнгөөр гаргаж байгааг мэдсэн цагаас илүү их ядарч байна.
Хэрэв миний төлсөн татвараар эмнэлгийн хүрэлцээг нэмдэг бол, цэцэрлэг ногоон байгууламжийг хөгжүүлдэг бол, хүүхдийн сурах хөгжих орчныг сайжруулдаг бол, төр хувийн хэвшилтэйгээ уралдаж бизнес хийж зардаггүй бол би татвар төлөхдөө харамсахгүй.
Гэтэл биднээс татвар татаас авчихаад нэмээд хоолноос минь булаацалдаж байгаа энэ данхар төрийг үнэхээр жигшиж байна. Ядарч байна. Татвар төлөхөөс татгалзаж байгаа хэрэг биш төлсөн татварын хэмжээгээрээ үр шим ээ хүртмээр байна. Амьдарлын түвшин, эдийн засгийн нөхцөл байдалдаа таарсан татвар төлж, худалдан авалт хийдэг, шударга нийгмийг л хүсэж байна би.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.