Эх орон дуудаж байна
2025-05-02 12:49:00

Цэргийн албанд татагдан очоод цэрэг шинел даахтай үгүйтэй гээд дуулж явах ээлжит идэр чийрэг эрсийг эх орон дуудаж байна. Эх орны өнцөг булан бүрээс цугласан залуус жагсаалын уухайг сүрдэм гэгч нь гүйцэтгэнэ. Цэргийнхээ үндсэн үүргийн хажуугаар барилга барьж, төмөр зам тавьж, эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд ажиллана.
Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үйлсэд ч ханцуй шамлан зүтгэнэ. Аль хэрэгтэй гэсэн газар хамгийн түрүүнд бэлэн байх цэрэг эрс цэргийн анги бүрт цуглана. Ингэж цэрэг болсноор хатуу сахилга баттай, төмөр дүрэмд захирагдаж байж эр цэргийн албыг хааж цэргийн ангиас ёс зүй, хүн чанар, эмх цэгц, харилцаа хандлага гээд олон сайхан зан чанар суралцаж гарч ирдэг тул цэргийн зарлан өнөөг хүртэл тасраагүй байна.
Гэхдээ цэрэг татлагатай хамт сэтгэл зовиож байгаа нэгэн асуудал бол өмнөх жилүүдийн цэргийн ангид болсон гэмт хэрэг, санамсаргүй алдаанууд энх цагт цэрэг эрсийн араас гашуудаж байсан нь эцэг эх бүрийн сэтгэлд сэв суулгаж орхиж.
Хайрлаж өсгөсөн хүүгээ эр хүн болоод ирээрэй гэж цэргийн албанд үдэхдээ их бага айдас зовнил байгаа нь жил бүрийн цэрэг татлагад ирж байгаа эцэг эхчүүдийн нүдэнд харагддаг. Гэхдээ алдаанаасаа суралцаж, алдаагаа давтахгүйг хичээж ирээдүйг бүтээх тул тэр гашуун түүхээс сургамжлаад сайхныг ерөөгөөд эр цэргийн албанд хөвгүүдээ үдээрэй гэж эцэг эхчүүдээс хүсье.
Мөн зэвсэгт хүчин армийн салбарын бодлого боловсруулагчдаас орчин цагтайгаа нийцэх дүрэм журам шинэчлэн боловсруулж, шинэ үетэйгээ нийлж хөгжиж байхыг хүсье. Эх орон дуудвал эмээж сандрахгүй явдаг эрх зүйн орчныг бий болгох зохицуулалт хийгээрэй.
Эр цэрэгтэйдээ эх орон нь бүтэн байдаг болохоор эх орны эр цэргийг бэлдсээр л байх болно. Эх эцэг нь эр хүний тэсвэр хатуужил, ёс зүй эмх цэгцийг сураад ирээрэй гэж үнсэж үдсээр байх болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.