Хүүхдийн төлөө биш төрийн төлөө ЗА гэдэг болсон юм уу?

2025-04-22 14:30:00

Монголын төр өнөөдөр бидний хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаарддаг. Яг л энэ жишгээр сумын захиргаанаас даалгасан үүргээ биелүүлэхээр явсан хойгуур нь бяцхан охид нь амиа алдсан золгүй хэрэг гарав. Хэзээнээс ч юм тогтсон бусдад сайхан харагдах бусдаас дутахгүй гэх шазруун бодолдоо автан аль болох өөрийн хувийн амьдралаа зохицуулж албаны ажлаа нэгт тавин зүтгэх аав ээжүүд халуун өврөө хоосолж үлдсэн, хүүхэд хүүхдээ харж үлдээд, эсвэл цоожтой хаалганы цаана бүлтгэнэн үлдэх үрс харамсалтайгаар эндэж буй хэд дэх тохиолдол вэ?

Хамгийн ойрын жишээ л Дархан хотод нэг айлын 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж эндсэн. 1 настай бяцхан хүүхдээ 4 болон 5 настай хүүхдээрээ харуулж үлдээгээд явахдаа тэдний ээж цэцэрлэгийн эрхлэгчийн урлагийн үзлэгт бэлдэх тушаалыг дагасан. Өнөөдөр энэ хэрэг нэг, нэгэндээ алдаагаа чихэж буруугаа тохсоор эцэстээ үрсээ алдсан ээж аавын хохь болж үлдсэн. Энэ удаагийн тохиолдол ч нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багшийг төдийгүй бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дууджээ.

Угтаа бол нийтийн цэвэрлэгээг хийдэг хүмүүс нь хийгээд цэцэрлэгийн багш 9-18 цаг хүртэл хүүхдүүдээ аюулгүй хариуцан ажиллаж, зургаадугаар ангийн охин хичээлээ хийж байх ёстой.

Төр улам данхайж бүтээмжийн менежер, хяналтын менежер гэх мэт угжны хурга шиг цүнх баригчдыг бэлдэж байхаар нийтийн цэвэрлэгээг хийдэг баг бүрдүүлсэн бол өнөөдөр нэг гэр бүл элэг бүтэн байх байлаа.

Социалист нийгмээсээ авч үлдсэн хамгийн заваан үзэл суртал болох элдэв төрлийн урлаг спортын болон олон нийтийн арга хэмжээ зохиохдоо хүүхдээ аргал, зохицуул чи ганцаараа хүүхэдтэй юу гэж үг хаядаг, дарамталдаг байдал өнөөдөр ч амь бөхтэй оршсоор өлгийтэйгөөс өсвөр нас хүртэлх үрсийг авч одсоор байна.

Төр төмөр нүүрээ ичихгүй харуулж байхад төрүүлсэн үрээ хамгаалж үлдэхийн тулд ээж аавууд төрийн эсрэг "Үгүй" гэж сурахаас өөр аргагүй боллоо.

Таны хүүхдийг харж халамжлах насанд хүрсэн хэн нэгэн байхгүй л бол олон нийтийн ажил таниар дутахгүй гэдгийг санаарай. Хүүхдийн эрх, эрүүл мэндээс давсан төрийн шийдвэр гэж үгүй.

 

 

 

Н.ЦАЦРАЛ

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.