Төрийн өмчит 300 компанид 300 “УХНА”
2025-04-15 17:15:00

Татвар татаас чинь их байна, татварын дарамтаа бууруулаад өгөөч гэж төрөөс хүсэхээр тэгвэл цомхотгол хийнэ, төсөв танана гэх мэтээр хоногийн хоолоо аргацааж байгаа иргэдийнхээ ажил амьдралаас нь салгахдаа төр төмөр нүүрээ харуулдаг.
Харин энд тэндхийн ТӨК-иудад хөл гарын үзүүртээ зарах, өөрсдийнхөө цүнх баригчдыг бол сард 6-7 сая төгрөгөөр хангаад өрөө болон машин тэрэг бэлдэж өгөөд хурган даргын нэр буюу Хяналтын менежер, Бүтээмжийн менежер гэх албан тушаал зүүлгэхдээ ичих нүүргүй.
Ингээд өнөө цомхон болох гэсэн төр чинь улам л данхайгаад эхлэв. Одоогийн байдлаар зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяаны найман компанид нийт 16 бүтээмж, хяналтын менежер томилогджээ.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, Хөгжлийн банк, Төрийн банк, МИАТ, Эрдэнэт гэх мэт төрийн өмчит компаниуд нь орлого зарлагаа өөрсдөө олж байгаа учир төсөвт дарамч учруулахгүйгээр бүтээмж, хяналтын менежрүүдээ тэжээчих юм гэнэ ээ.
Уг нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гээд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмжтэй ажиллуулах зорилготой төрийн захиргааны байгууллага бий.
Тэд төрийн өмчит компаниудын бүтээмж, хяналтыг сайжруулж үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой байхад ТӨК бүрд Засагт эвссэн намуудын төлөөлөл хэн нэгэн очиж байгаа нь төр цомхон байна, төр эдийн засгийн харилцаанд оролцохгүй, хувийн хэвшлийн хийж чадах асуудал дээр төр бизнес хийхгүй, төрийн өмчийн компанийн үрэлгэн данхар бүтцийг байхгүй болгоно гэх амлалтынхаа яг эсрэг зүйл хийгээд байгаа нь Монголын төр үнэхээр авлига, хулгай зэлгээний хэргээсээ салах хүсэлгүй бололтой.
Одоо тэгээд эдгээр менежерүүд төрийн ажлыг архины ширээний ард биш ажлын ширээний ард хийдэг болгох болтугай. Өөр ч юунд хяналт тавих вэ дээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.