Чуулганы танхим эзгүйрэх вий!
2025-04-11 15:46:00

Хүний үндсэн хуульд заасан эрхийн дагуу сонгох, сонгогдох нь хүний үндсэн эрх. Энэ утгаараа хүссэн хүн бүр нэр дэвшиж болно. Өөрөөр бол УИХ-ын гишүүнд тавигддаг шаардлага бараг байхгүй болохоор дэндүү моралгүй хүмүүс чуулганы танхимд суучхаад бидний амьдралд нөлөөлөх хууль, журмыг батлаад сууж байна. Зарим нь ямар хууль дүрэм байгааг ч ойлгохгүй, зарим нь хуралдаа суухгүй, зарим нь зүгээр ирц бөглөж суудаг, зарим нь хандалт авахын тулд элий балай зүйлс ярьдаг гэх мэт дэндүү хайнга анги бүрдсэн нь энэ удаагийн 126 гишүүнээс илүүтэй харагдаж байна.
Хамгийн ойрын жишээ УИХ-ын гишүүн Нара. Түүнд итгэж гаргасан сонгогч олон нь ээжүүд. Гэтэл тэднийгээ 50 мянган төгрөгийн төлөөх тулаан хийж буй мэт авирлаж өөрийг нь шүүмжилсэн нэгнийг элдвээр харааж цахим орчинд тарааж байгаа нь яах аргагүй парламентын гажуудал. Мөн чуулганы хуралдаандаа бараг л суудаггүй Х.Баттулга гишүүн. Ирцээ авах төхөөрөмж болдоггүй мэтийн зүйлс ярина. Бараг л ганц Х.Баттулгыг танихгүй байгаа биш үү.
Өнөөдөр л гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар хоцорч ирчихээд хуралдаандаа ороогүй тасалсан.
Мөн Х.Баттулга, Д.Ганбат, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун нар бүр огт ирээгүй.
Үүнээс гадна УИХ-ын өнөөдрийн чуулганаас эмнэлгийн чөлөөтэй болон гадаад, дотоод томилолт аван явсан УИХ-ын 22 гишүүн байна. Ингээд бодохоор олонхийн санал авч хэлэлцүүлэх хийгдэх ёстой парламентийн танхимд өнөөдөр 91 гишүүн л суусан гэсэн үг. Хэн ч хүчлээгүй байхад өөрсдийн саналаар гишүүн болсоноо санаад ч болов хоёрхон өдөр бараг өдрийн цайны цагаар эхэлдэг хуралдаа ирж амжмаар байна.
Парламент гэдэг ард түмний төлөөллийн дээд байгууллага. Хууль тогтоогч, улсын гол бодлогуудыг чиглүүлэн зангидагч чухал байгууллага. Тиймээс парламентын гишүүнд тавигдах шаардлага, шалгуурыг тавьдаг байх хэрэгтэй. Өнөөдөр нэг дөнгүүр санал гарсан нь чуулганы үдээс хойших хуралдааны эхлэх цаг, дуусах цаг нь тодорхой байхыг баталжээ. Хөөрхий ангийн дарга нь хоёрхон цаг шүү гишүүд ээ конап дарчхаад гарахгүй шүү хэмээн гуйж. Жолооч дуудаад л болохгүй бол зам хааж байгаа давхидаг эрхэм гишүүд чуулганы хуралдаандаа цагтаа ирж, ирсэн хойноо асуудлаа сайн ойлгодог, УИХ-ын гишүүн гэдэг намба төрх, ёс зүй моралтай баймаар байна. Хуралдаа ирэхгүй байгаа нь ч гишүүн нэр зүүчхээд ард түмнээ доромжилдог нь ч моралгүй төрийн эмгэнэл шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.