ЦӨВҮҮН ЦАГ: Нүд салгамгүй дүрслэл, хэт холын өнгөрсөн, ирээдүйн тухай бодогдуулсан бүтээл…
2025-03-07 17:01:00

Заа ахын дүү нар эндээс буугаад гүйчих...
Хоёр хүү баярлаад арагш буцан гүйхтэй зэрэгцэн хүйтэн бууны сум тэдний халуун цусыг садраав. Энэ үйл явдал энүүхэн ойр 100 жилийн өмнө болсон бодит явдал.
Бидний дэлгэцнээ үзсэн энэ хоёр хүүгийн үхэл ингэж их сэтгэл өвтгөж байхад хэлмэгдэлтийн хар шуурганд өртсөн энгийн ардын хэдэн хүүхэд тоо бүртгэлгүй халуун амиа алдаж хүйтэн хөрсөнд хэнд ч мэдэгдэхгүй булагдсан бол гэж бодохоос ч жихүүдэс хүрэм. Хүний бяцхан үрсийг, эцэг эхийн халуун өврөөс салган хайр найргүй устгаж байсан тэр коммунист үзэл дахин бүү давтагдаасай.
Энэ гашуун түүхийг давж, өнөөгийн соёлт нийгмийг бүтээсэн өвөг дээдэс аав ээжээ, ахмад үеэ бүү мартаарай гэсэндээ, энэ алдааг дахин бүү давтаасай гэсэн чин сэтгэлээр "Цөвүүн цаг"киног бүтээжээ.
Бүтээхдээ монголын төрд бүрхсэн зузаан хар үүлний цаанаас шар гэгээ гартал түрдээ ажин түжин амьдрах тайван нутаг олох гэж, шашин номын мөр хөөсөн, эсвэл зүгээр л тайж, дээдэс угсаагаа залгамжлах хүүгийнхээ амийг авч үлдэхийн төлөө нутаг дамжин нүүж буй дүрвэгсэд яг юу туулж, ямар зовлон давсан тухай үнэхээр сайхан үзүүлжээ.
Энэ тухай бид түүхийн хуудаснаас уншаад өөр өөрсдийнхөөрөө мэдэрч ойлгох ч ингээд дэлгэцэнд үзүүлээд өгөхөөр яг л тэр цаг үед очсон мэт шимширч эргээд өнөө цагаа бодохоор эрхгүй гэмших сэтгэл төрлөө.
“Цөвүүн цаг” киног МУГЖ О.Бат-Өлзий, гэргий АЖ С.Сарантуяа нарын "Жийж" продакшн, тэдний хүү Б.Тамир Фантастик продакшны хамт олонтойгоо хамтран бүтээсэн жинхэнэ тохирсон хоршил байв. О.Бат-Өлзий найруулагчийн уянгалаг драма, Б.Тамирын хурц шийдэл нийлээд яг л тун нь таарлаа.
Жүжигчдийн хувьд ч төгс хоршлууд харагдсан. Дандаа урлагт олон жил зүтгэсэн нэрт жүжигчидтэй сүүлийн жилүүдэд амжилттай яваа Фантастикийн залуус яг л чимэг нь байлаа.
Нас туршлага, уран чадвар гэдгийг манай гавьяатууд жинхэнэ утгаар нь мэдрүүллээ.
Тухайлбал, МУГЖ Г.Золбоот 1989 оноос хойш урлагт зүтгэсэн 30-аад жилд түүний бүтээсэн хамгийн хүчирхэг, эр бяртай, аархсан дүр нь энэ Борлог буюу Нацагийн дүр байв. Түүнтэй. ажлын шугамаар ярилцан суухад урлагт олон жил зүтгэлээ нэг сайхан Монгол эрийн дүр бүтээх юм сан гэх битүүхэн хүсэлтэйгээ хуваалцаж байв. Тэр үнэхээр тэр хүслээ давуулан биелүүлжээ. Өнөөдөр 60 дөхөж яваа хүн яг л идэр залуу 40 наст шиг харагдаж, хөдөлж, үг үйлдлээрээ өөртөө автуулж, харцаараа хамаг бодлыг зөвхөн өөртөө хямгадахаар тийм их увдистай юм.
Мөн гавьяат жүжигчин Б.Базаррагчаагийн сөрөг дүрийг бараг анх удаа харж, үнэхээр ийм муу хүн бил үү гэж бодогдтол зэвүүцэл төрүүллээ. Энэ 2 жүжигчин аль залуу наснаасаа урлагийн тогоонд хамт байхдаа анх удаа хоршин тоглосон нь гайхалтай байв. Тэдний залуу үеийг царай төрхийн хувьд ч яг тааруулжээ.
Туршлагатай туйлбартай найруулагчийн хувьд түүхийг гуйвуулалгүй үнэнээр барихдаа хэт модон биш маш гоё үг хэллэгээр XX-р зууны эрх чөлөөний тэмцлийн тухай ийм даацтай бүтээл ирээдүй хойчдоо үлдээж байгаад гүнээ талархъя.
Бид өнөөдөр ч ардчилсан, иргэний нийгмээ авч үлдэхийн тулд халуунд халж хүйтэнд хөрсөн өөрсдийн хөдөлмөрөө үнэлүүлэхийн тулд үзэл санаа нь зөв байж, буруугаа шүүдэг залруулдаг байх хэрэгтэйг санууллаа.
Нүд салгамгүй дүрслэл, хэт холын өнгөрсөн, ирээдүйн тухай бодогдуулсан бүтээл байв.
Багт баяр хүргэе.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.