Гарцаар гарахдаа жолоочийн буруугаас болж гэмтсэн осол 56 хувиар өсжээ

2025-02-14 19:27:00

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, Г.Очирбат нар өнөөдөр (2025.02.14) Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллав.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түгээгдэж буй “Бага насны хүүхэд ногоон гэрлээр явган хүний гарцаар гарахдаа зам тээврийн осолд өртөж, амиа алдсан” гэх мэдээллийн дагуу Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Дэлгэрсайхантай уулзаж мэдээлэл авлаа.

Улаанбаатарт 176 уулзвар байдаг.

  • 2023 онд 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн
  • 2024 онд 535 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн..

Ийнхүү огцом өссөн нь сэтгэл түгших нөхцөл болж байгааг албаны хүмүүс хэлэв.  Тодруулбал, 2023 онд

  • Зохицуулалттай явган хүний гарц дээр 16 явган зорчигч,
  • Зохицуулалтгүй явган хүний гарц дээр 276 явган зорчигч гэмтсэн.

2024 онд энэ тоо 535 болж 56.5 хувиар өсжээ. Энэ нь явган зорчигчийн болгоомжгүй байдлаас шалтгаалахаас илүүтэйгээр 100 хувь автомашин жолоодож яваа иргэд анхаарал болгоомжгүйгээс бусдын амь бие, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан үйлдэл байдгийг тайлбарлав.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу аюулгүй байдлын баталгааг хангах нь төрийн үүрэг. Энэ ч үүднээс Хүний эрхийн дэд хороо хүний эрх зөрчигдөж байгаа салбар, талбар бүр дээр очиж асуудлыг жижиг, том гэлтгүй шалтгаант холбоог нь тодруулахаар ажиллаж байгааг С.Эрдэнэболд гишүүн хэлжээ.

Ойрын хугацаанд Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын 1,181 км замд тээврийн осол аюулыг бууруулахын тулд эрсдэлийн үнэлгээ хийж, ялангуяа бага насны хүүхдийг аюулгүй зорчих стандартыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авах, судалгаа хийх чиглэлийг өглөө.

Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр гэхэд иж бүрэн судалгаа гаргах боломжтой бөгөөд үүний дараа холбогдох арга хэмжээнүүдийг нийслэл болон холбогдох яамд хамтран шат дараатай авах юм байна. Монгол Улсын иргэн бүр амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх стандартыг хангах нь чухал гэдгийг талууд ярилцаж ойрын хугацаанд шийдвэртэй алхмууд хийх боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.