О.Батнайрамдал: Хулгай луйврыг цэгцэлсэн Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг дэмжинэ

2025-02-10 16:06:00

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар өнөөдрөөс төрийн ордонд өрөөндөө гарын үсэг цуглуулаад бичгээ бариад сууна гэдгээ мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн гурав хоногт таван гишүүн л Ерөнхий сайдыг огцруулахаас татгалзсан гэв. 

Тэгвэл  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжихгүй гэдгээ УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Лодой над руу залгах хэрэггүй. Л.Оюун-Эрдэний хамтарсан Засгийн газар болон түүний зоригтой хийж буй тэмцэл, бодлогыг тууштай дэмжинэ.  Олон арван жил үлгэр шиг ярьдаг байсан ХУЛГАЙ, ЛУЙВРЫГ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон нийтэд дэлгэж, цэгцэлсэн. Оюутолгойн луйврын гэрээ болох Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэж чадсан. Эрдэнэтийн луйвраар авсан 49%-ийг төрийн эзэмшилд буцаан авчирсан. Өнөөдөр энэ үйлдвэр жил бүр 2 их наяд төгрөгийн ашиг, татвар төрд төвлөрүүлж байна.Нүүрсний хулгайг хамтдаа жагсаж байж илчилсэн. Үүний үр дүнд Эрдэнэс Тавантолгойг тойрсон хэдэн их наядын далд эдийн засаг ил болж, бидний төсөөлж ч байгаагүй 82 сая тонн нүүрс экспортолж, 8-9 тэрбум ам.доллар оруулж ирээд байна. 1072 хувьцааны өгөөж бодитоор амилж, бидний дансанд орж эхэлсэн. Үүнийг бас л тэр хийсэн. Олон жил гацсан төслүүдээс үлдсэн ганц том бүтээн байгуулалт бол Гашуунсухайтын төмөр зам. 15 жил гацаасан энэхүү төслийг түүний хамтарсан Засгийн газар эцэслэж байна. Энэхүү төмөр замыг олигархийн охин компаниар бус, хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор байгуулах ажил дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын түвшинд эцэслэн үзэглэгдэх гэж байна. Яг эцэслэгдэн зурагдах болохоор засаг унагаах талаар ярьдаг, шоуддаг. Нөгөө л 30 жил угшиж ялзартал ашигласан улс төрийн техник. Одоо бол үгүй шүү. Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялгийн өгөөжөө олигархи хэд биш, олуулаа эзэн болж хүртэх Үндэсний баялгийн санг мөн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн. "Чингис хаан" Үндэсний баялгийн санг байгуулж, хүн бүрийн нэр дээр хуримтлал үүсэж эхэлсэн.

Өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой. Шийдэх асуудал маш их байна. Тиймээс ХАМТАРСАН ЗАСГААР ХАМТРАН АЖИЛЛАЖ буй  Ерөнхий сайдыг тууштай дэмжинэ" гэв. 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.