Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн тээврийг цахимд шилжүүллээ

2025-02-02 12:58:00

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн талаар өчигдөр Шуурхай штабын хуралдаанаар онцоллоо.

Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлжээ. Жишээлбэл, хамгийн сүүлд нэвтрүүлсэн UBcard аппликейшнийг утсандаа татаж суулгаснаар QR кодоор төлбөр төлөх, зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах, тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, замчлуулах, нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусыг шинэчилснээр нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврээр зорчилт 14.3 хувиар нэмэгдсэн байна. Цаашид нийтийн тээврийн автобусыг саадгүй явуулахын тулд авто замаа өргөсгөх, шинээр барих, нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг зохицуулалтыг үргэлжлүүлэн хийхээр болжээ.

Автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил их хэмжээгээр багасаж байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж, автобусны буудлууд дээр лед дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Лед дэлгэцээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломжтой.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.