Менингококкт халдвар гарсан цэцэрлэгийн танхимын сургалтыг долоо хоног хаав
2025-02-01 12:18:00
Эрүүл яамнаас менингококкт халдвараар нас барсан хүүхдэд эмгэнэл илэрхийллээ.
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококкт халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна гэв.
Түүнчлэн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарсан. Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн байна.
Мөн халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококкт халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококкт халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэлийг өгчээ.
Эрүүл мэндийн сайд 2025.01.03 өдөр Менингококкт халдвартай холбоотой албан даалгавар гаргаж, үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуураар яаралтай хангах чиглэлийг холбогдох мэргэжлийн төв байгууллагад үүрэг болгосон байсан. Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.