Монгол Улс төсвийн орлогын 27 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг
2025-01-30 17:47:00
Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ, "Онолын хувьд НӨАТ бизнесийн татвар биш гэж үздэг. Гэхдээ Монгол Улсад татварын хуультай холбоотой санал, асуулга явуулахаар НӨАТ-ын талаар хамгийн их санал ирдэг. Уг татвар бизнест дарамт учруулдаг үндсэн гол асуудал нь чөлөөлөлт байдаг. НӨАТ-ын чөлөөлөлт нь борлуулалт, худалдан авалтын хасалт гэдэг гинжин хэлхээг эвддэг тул хамгийн их сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймд НӨАТ-ын шинэчлэлийн хүрээнд чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг оновчтой болгох нь эхний зорилго болж байна. Одоогоор Монгол Улсад нийт 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээ уг татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай байгаа" гэдгийг онцолжээ.
Түүнчлэн НӨАТ нь татвар биш, бүртгэлийн систем зэрэг янз бүрийн ойлголт байдаг бол дэлхийн улс орнуудад үүнийг төсвийн орлогын хамгийн тогтвортой том эх үүсвэр болгосон байдаг. Өөррөө хэлбэл, төсвийнхөө орлогын 26-33 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг бол Монгол Улс 27 хувийг уг татвараар бүрдүүлж байгаа нь дундаж үзүүлэлт аж.
Сангийн яамны зүгээс өнгөрсөн жилүүдэд НӨАТ-ын хувь хэмжээг бүх нийтээр нь бууруулах нь зөв биш, харин оновчтой болгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгааг тэрбээр онцоллоо.
Түүнчлэн тэрбээр, НӨАТ нь хэрэглээний татвар. Хэн хэрэглэж байгаа нь илүү төлдөг бөгөөд нөгөөтээгүүр, хүн амын өргөн хэрэглээний мах, гурил, сүү гэх зэрэг бараа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг. НӨАТ-ын 60 орчим хувийг хамгийн өндөр худалдан авалт хийдэг 10 орчим хувь төлдөг шударга тогтолцоо гээд хувь хэмжээг бууруулбал гарах үр дүнгээс танилцууллаа. Энэ мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Сангийн яамнаас татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төсөл боловсруулсны дараа бус салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, худалдааны танхим, татвар төлөгчдийн саналыг авсны үндсэн дээр төслийг боловсруулах зарчмыг баримтлахаар болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.