УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
2025-01-28 12:47:00
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Тэрбээр хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ "2024 оны 06 дугаар сарын 05-нд батлагдсан Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс өдрөөс хэрэгжиж эхэлж байна. Шүүхийн байгууллага стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийг Хууль зүйн байнгын хорооны хянасан саналаар дэмжин, баталсан. Ингэснээр шүүхийн байгууллагуудын олон жил ужгирсан, шийдэгдэж чадаагүй барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэж чадсан юм. Тодруулбал, шүүхийн байргүй байсан Архангай, Дархан-Уул аймгийн шүүх, Багануур дүүргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийн болон Өмнөговь аймгийн шүүхийн барилгын санхүүжилт шийдсэн" гэв.
Мөн УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.
Говь-Алтай аймгийн шүүхийн байгууллагын төлөөллийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ, зохист ачааллаас давсан байдлаар ажиллаж буй тухай болон шүүхийн байранд прокурорын байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн хуулинд шүүхийн байранд шүүхээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт зөрчигдөж байгаа зэрэг асуудлыг хөндлөө.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.