НДС-ийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх нэн чухал

2025-01-27 15:20:00

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хурлаа өнөөдөр /2025.01.27/ хийлээ.

Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргажээ. Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхлээд байгаа талаар тус яамнаас мэдээллээ. 

Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага бий. Капитал банканд 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Харин Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилж байна. Өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас 94.95 тэрбум төгрөгийн авлагатай.

Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх хамгийн чухал гэдгийг салбарын сайд онцоллоо. Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.