ИЗНН Азийн либерал, ардчиллын зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзжээ
2025-01-20 17:08:00
Иргэний зориг ногоон нам Азийн либерал, ардчиллын зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзаж мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Иргэний зориг ногоон нам нь Азийн либерал, ардчиллын зөвлөл /Counsil of Asian Liberals and democrats, цаашид CALD гэх-ийн гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ын Улс төрлийн хурлаар хэлэлцэж баталсан болно. Бид бүс нутаг даяар ардчилал, либерал үнэт зүйлсийг сурталчлах CALD-ын санаачилгад идэвхтэй оролцож ирсэн ч тус зөвлөлийн тэргүүлэх чиглэл болон ИЗНН-ын суурь үнэт зүйлсийн хооронд зөрүүтэй тал үүсч байна.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан манай намын хувьд бид байгаль орчны тогтвортой байдал, экологийг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байна. Эдгээр зарчмууд нь нийгмийн тогтвортой байдал, эрх тэгш ирээдүйн талаарх манай намын алсын хараанд гол байр суурь эзэлдэг. Тиймээс тус байгууллагаас гарах болсон шийдвэр нь бидний нөөц, хүчин чармайлтыг байгаль орчны эрхэм зорилгод нийцсэн санаачилга, түншлэлд илүү үр дүнтэй хамтран ажиллахаар зорьж буй чармайлтын илэрхийлэл юм. Бид илүү ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх үзэл баримтлалыг хуваалцдаг олон улсын байгууллага, эвслүүдтэй түншлэл байгуулснаар энэхүү зорилгодоо хүрнэ хэмээн үзэж байна.
Мөн бид цаашид ардчиллын үнэт зүйл, зарчмуудыг дэмжсээр байх бөгөөд олон жилийн турш хамтран ажиллах боломж олгосон CALD болон түүний гишүүдэд талархаж буйгаа илэрхийлье” гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.