Болгоомж биднийг эрсдэлээс сэргийлнэ
2024-12-26 19:54:00
2024 он шувтарч, шинэ он гарахад тавхан хоног үлдээд байна. Он солигдох үдэш салют буудуулж, гэр бүл, хөршүүд, бяцхан хүүхдүүдээ баярлуулах нь уламжлал мэт болсон. Баярын уур амьсгалыг гоё сайхнаар мэдрэх нь чухал ч аюул эрсдэлээс үргэлж сэргийлж байх хэрэгтэй. Ингэхдээ шинэ жилийн үдэш буудуулах салютаа зөвшөөрөл бүхий албан ёсны байгууллагаас худалдан авч, зөвлөмжийн дагуу болгоомжтой хандах нь чухал юм.
Салютыг зөвшөөрөлгүй газраас эсвэл гар дээрээс худалдан авч, анхаарал болгоомжгүй байснаас үүдэн гэмтэж, бэртэх амь насаа алдах тохиолдол ч гарсаар байна.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайчид цасны баяр тэмдэглэж, энэ үеэрээ салют буудуулжээ. Гэтэл чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют нь дэлбэрч, 20 гаруйхан залуугийн тархи нь задарч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд салюттай холбоотой хэрэг, зөрчил багассан ч салют, гэрэлт үзүүлбэрийн буруу хэрэглээ, чанараас болж цөөнгүй иргэн хүндээр гэмтсэн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу албан ёсоор
салют борлуулан, гэрэлт үзүүлбэр зохион байгуулах эрхтэй хоёр байгууллага байдаг. Тухайн компаниуд бүх төрлийн салют, тэсэрч дэлбэрэх хэрэгслийг худалдан борлуулахын зэрэгцээ тусгай оператороор буудуулдаг байна. Ингэснээр иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл үүсэхгүй.
Тиймээс перотехникийн хэрэгсэл буюу салюттай болгоомжтой харьцаж, зөвшөөрөлтэй газраас чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.