ИТАЛИ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ” НЭЭГДЛЭЭ

2024-12-05 13:21:00

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" гэсэн зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Флоренцийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-ийг 2024 оны 4 дүгээр сарын 19-нд нээж байсан бол хоёр дахь төвөө тус Улсын Пармагийн их сургуульд албан ёсоор нээлээ.

Пармагийн Их Сургууль нь 1412 онд байгуулагдсан бөгөөд тус сургуульд байгуулагдсан энэхүү төв нь монгол хэл, соёлын өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Ц.Нарантунгалаг, Парма хотын Захирагчийн орлогч Лоренцо Лаважетто, Пармагийн Их Сургуулийн дэд захирал Мариа Чечилиа, Хүмүүнлэг, нийгэм, соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн захирал Массимо Маннани, дэд захирал Луана Салварани, Флоренцийн Их Сургуулийн профессор, Ази, нүүдэлчдийн соёл, шилжилт, байгаль орчны судалгааны төвийн захирал Надиа Бреда, Пармагийн Их Сургуулийн профессор, тус төвийн дэд захирал Сабрина Тоси Камбини нар болон эрдэмтэн багш, монгол, итали оюутнууд оролцлоо.

"Монголын соёл судлалын төв" нь Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болох юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.