МУ-ын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх уулзалт боллоо
2024-09-11 10:25:00
2024 оны 9-р сарын 10-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран "Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх" оролцогч талуудын уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын зөвлөх Ц.Эрдэнэбат, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон бусад холбогдох эрдэм шинжилгээ, их сургууль, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын гол зорилго нь 2024 оны 9-р сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах "Ирээдүйн талаарх дээд хэмжээний уулзалт"-д бэлтгэх, мөн тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын байр суурийг илэрхийлэхэд оршсон юм. Мөн түүнчлэн, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, шинжлэх ухаан, технологи, инновацыг (ШУТИ) хөгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг, хувь нэмрийг тодотгон хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Уулзалтын үеэр ШУТИ-ыг Монгол Улсад амжилттай нэвтрүүлэхэд тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, үр дүнтэй шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох талаар бүлгийн хэлэлцүүлгүүд явагдсан юм. Уг хэлэлцүүлэгт их, дээд сургуулиудын профессор багш нар, төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцож, ШУТИ-ыг үндэсний бодлого төлөвлөлтөд хэрхэн үр дүнтэй нэвтрүүлж болох талаар санал бодлоо солилцлоо.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ШУТИ-ын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тодотгож өгснөөрөө онцлогтой юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр НҮБ-ын Ирээдүйн гэрээнд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох санал, зөвлөмжүүдийг хэлэлцлээ.
Уулзалтын үр дүнд гарсан санал зөвлөмжүүдийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжилд ШУТИ-ын үр өгөөжийг нэмэгдүүлэх, ШУТИ-ын тогтолцоог бүрдүүлэх болон оюуны өмчийн эрхийг дэмжих зэрэг чиглэлд тусган ажиллахаар боллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.