Д.Будзаан: Хүүхэд бол гэмт этгээдийн бай биш

2024-11-06 18:11:00

Сүүлийн хагас жилийн байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 1377 дуудлага мэдээлэл ирсний 463 нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байжээ. Тэгвэл бид үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой асуудлаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.

Сайн байна уу? Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын 33.6 хувийг үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэл эзэлж байна. Тэгвэл энэ онд хичнээн хүүхэд үе тэнгийн дээрэлхэлд өртсөн бэ? Энэ талаар ярилцлагын эхэнд мэдээлэл өгөөч?

Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 818 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 45 хэргээр буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн 2231 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 669 хэргээр буюу 42.8 хувь өссөн. Насанд  хүрээгүй хүнээс үйлдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 256 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үе тэнгийн дээрэлхэл гэж юу вэ? Дээрэлхэлд өртсөн, дээрэлхэл үйлдсэн хүүхдүүдэд ямар арга хэмжээ авдаг вэ?

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.8-д "Үе тэнгийн дээрэлхэл" гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Хэрэв дээрэлхэлд өртсөн бол хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх,  энэ талаар мэдээлсэн суралцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, цаашид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нэн даруй хамруулах ёстой. Харин хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зэрэг арга хэмжээг авна.

Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн сургууль дээр дээрэлхэл байна, манай хүүхэд дээрэлхэлд өртөөд байна, өртсөн юм шиг байна, сургуульд нь хэлэх үү хэлээд нэмэргүй байх, яах уу гээд олон асуудал байдаг. Ийм тохиолдолд эцэг эхчүүд яах вэ?

          Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан сургуулийн орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй хэмээн хуульд заасан байдаг. Тэгэхээр бид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн үг. Иймээс эцэг эх, асран хамгаалагч  та бүхэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуулийг уншиж танилцаад өөрсдийн эрх үүргийг мэдэх, дагаж мөрдөх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрхийг нь зөрчихгүй байхад анхаарах, бусад хуулиар хүлээсэн  байгууллага албан тушаалтнаас хуульд заасан үүргээ  биелүүлэхийг шаардаж хүүхдийн эрхийг хангах, хамгаалах шаардлагатай байна.

Дээрэлхлээс гадна хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхааранх нь чухал. Энэ тал дээр ямар зохицуулалтуудыг хийх вэ?

Тэгэлгүй яах вэ олон зохицуулалтууд байгаа. Хуучин бол өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан гэж байсан бол "ашигласан" гэсний дараа эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийнхээ нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх гэрэл зураг, дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим орчинд байршуулсан" гэж нэмэлт оруулсан.  Хуучин хуульд Сургууль сургуулийн дотуур байр гэж байсан бол түүнийг Боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага гэж өргөжүүлсэн юм.

Шинээр нэмж Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах, Үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаас бусад хурдан морины уралдаан болон бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл оногдуулахаар нэмэлт орсон зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон заалтууд нэмэгдсэн байгаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.