Он гарсаар 10 мянга гаруй залилах хэрэг бүртгэгдэж, иргэн, ААНБ-д 318 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2024-10-16 14:43:00
Таныг гудамжинд явж байхад чинь хэн нэг танихгүй, өмнө нь царайг нь ч харж байгаагүй, бүр хаана ажиллаж, амьдардагийг нь ч мэдэхгүй хүн ирээд таныг онлайн ажилд оруулж мөнгийг тань хэд дахин нугалж, өсгөж өгье, эсвэл буцалтгүй тусламж үзүүлнэ, бага хүүтэй их хэмжээний зээл өгье, эсвэл хаана ч байхгүй хямд үнээр бараа бүтээгдэхүүн худалдъя ГЭХДЭЭ та эхлээд бидэнд мөнгө өгөх хэрэгтэй гэвэл ТА ИТГЭЖ мөнгө өгөх үү?
Яг энэ үйл явцаар иргэд гоё сайхан үг, таатай саналд итгэж цахим орчинд эд хөрөнгөөрөө хохирч, бусдад залилуулж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 10,027 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь сард 1114, өдөрт 37, нэг цагт 1-2 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа судалгаа байна. Дээрх бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад 318,4 ТЭРБУМ төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 2,4 хувиар, учирсан хохирол 75 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зөвхөн өнгөрсөн 7 хоногийн залилах гэмт хэргийн нөхцөл байдлыг харахад цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 786 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 66 нь залилах гэмт хэрэг байна.
Тухайлбал:
- Сүхбаатар дүүрэгт иргэн Б нь гэртээ байхдаа телеграммаар ажил хийлгэнэ гэсэн зарын дагуу өөрийн эзэмшлийн данснуудаас үл таних хүмүүсийн 9 данс руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 107.000.000 төгрөг шилжүүлэн залилуулсан.
- Иргэн Б нь “Propahana-Soluions” гэх нэртэй телеграм хаягнаас тик ток линкээр даалгавар биелүүлээд цалин өгнө гэсний дагуу бүртгэл, барьцаа төлбөр зэрэг нэрээр нийт 16,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан.
- Иргэн Г нь фэйсбүүкээр "Буцаан олголтгүй зээл” грүпт орж S.Saran гэх фейсбүүк цахим хаягаар харьцаж санхүүжилт авах зорилгоор зааврын дагуу 13,600,000 төгрөгийн төлбөр төлж, залилуулсан.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.